Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 15.9 сая хүн өвчилж, 645 мянган хүн нас баржээ. 9.8 сая хүн эмчлэгдсэн. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 284 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн байна. Сүүлийн 7 хоногт өвчлөлөөс гадна эндэгдэл нэмэгдэж байна. Өвчлөл нэмэгдэж байгаа шалтгааныг эрдэмтэд:
Өвчлөл өндөртэй зарим орнууд хөл хорионы дэглэмийг огцом бууруулсантай холбоотой
Хүмүүс буруу ташаа мэдээлэл авсантай холбоотой
Иргэдийн бөөгнөрөлтэй холболбоотой
Залуус тоомжиргүй хандаж би залуу учраас халдвар тусахгүй гэж тоомжиргүй хандаж байгаатай холбоотой дүгнэжээ.
Түүнчлэн Германы эрдэмтэд COVID-19: Хүйтэн сэрүүн орчинд 8 метрийн зайнд халдвар тараана гэж судалжээ.
Нидерландын эрдэмтэд гурвалсна арга хэмжээний хэрэгжилт 50-аас дээш хувь байвал хүн амын дундар тархалтыг зогсоох боломжтой гэж үзжээ. Үүнд амны хаалт тогтмол зүүх, гараа савандаж угаах, зай барих нь коронавирусийн эсрэг вакцин гартал хамгийн үр дүнтэй арга байна гэж үзжээ.
Манай улсын хувьд өчигдөр 210 хүн ажиглалтад шинээр орж, 218 хүн ажиглах байраас гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2566 хүн тусгаарлан ажиглах байранд байна.
24 цагт 119 дугаарт 124 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас холбогддог шуурхай 119 апп-д гадаадаас АНУ-аас 3 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан“ гэв.