Японы хойд нутгийн Кюшү арлын зарим хэсгээр хүчтэй аадар бороо орж байгаа бол баруун, зүүн нутгаар ням гараг хүртэл мөн орж магадгүй байгааг тус улсын цаг уурын мэргэжилтнүүд анхааруулсан талаар NHK мэдээллээ.
Нагасаки мужийн Үнзэн хотод цагт 79 миллиметр, Фүкүока мужийн Ямэ хотод 40 миллиметр хур тунадас унажээ. Ойта болон Фүкүока мужийн зарим хэсэгт хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгджээ.
Мөн Кюшү аралд бямба гаргийн өглөө хүртэлх 24 цагийн хугацаанд 300 миллиметр, Шикокү аралд 250 миллиметр, Чүкокү бүсэд 200 миллиметр, Кинки, Хокүрикү, Токай бүсэд 100 миллиметр хур тунадас унах төлөвтэй байгаа ажээ.
Цаг уурын мэргэжилтнүүд хөрсний гулгалт үүсэж, голууд үерлэж, нам дор газруудад үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд уриалжээ. Мөн аянга цахиж, хүчтэй салхилж болзошгүйг анхааруулсан байна.
Кюшү арал болон өөр хэд хэдэн газарт саяхан хүчтэй аадар бороо орсон тул бага хэмжээний хур тунадас ч байгалийн гамшиг нүүрлүүлж болзошгүй ажээ. Мэргэжилтнүүд нүүлгэн шилжүүлэх талаарх засаг захиргааны мэдээлэлд сайтар анхаарал хандуулж, аль болох эрт нүүхийг оршин суугчдад уриалжээ.