ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Отгонбаатар “Вакцины асуудал нэн тэргүүнд яригдах ёстой. Энэ чиглэлээр бид Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-тай хамтарч ажиллаж байна. Мөн вакцин гаргах улс орнуудтай холбоотой байгаа. ОХУ-ын Эрүүл мэндийн яам болон Батлан хамгаалахын яам хоёр вакцины клиникийн туршилтыг явуулж байгаа талаар мэдээлэл гарсан. Мөн Оксфордын эрдэмтэд вакцин гарган авахаар туршилт хийж байна. Энэ болгон дээр маш чамбай хяналттай ажиллаж, мэдээллийг авч байна. Коронавирусийн эсрэг вакцин гарсан даруйд Монгол Улсын иргэдийг нэн тэргүүнд хамруулахаар Засгийн газар болон бусад холбогдох байгууллага ажиллаж байна.
Олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хэмжээнд явж байна. Энэ жил бид цар тахлын улмаас гадаадад байгаа иргэдийн асуудлыг тэргүүн зэрэгт анхаарч ажиллаа. Гадаадад байгаа монгол иргэдийн амьдрал ахуй, виз зөвшөөрөл, оршин суух асуудал, хөрөнгө санхүү энэ бүгдэд бид дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан иргэдтэйгээр харилцаатай байж, тэдэнд тусалж, дэмжих ажиллагааг эхний ээлжинд явуулж байгаа гэж болно” гэв.