ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Биокомбинат, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн судлаачидтай санал солилцлоо.
Эдгээр байгууллагын хөдөлгөгч хүч болох эрдэмтэн, судлаачдыг гадаад, дотоодын сургалтад хамруулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ З.Мэндсайхан сайд хэллээ.
Биокомбинатын удирдлага тус үйлдвэрийг шинэчлэх 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд Монгол Улс, Унгар улсын тал гарын үсэг зураад буйг мэдээллээ. Зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөх юм. Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулжээ. Төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж хоёр тал гарын үсэг зурсныг өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон батлаад байгаа юм.