НОБГ, НЭМГ, НБОГ хамтран уцаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ:
-Тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтан, малын сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхааруулж байна. Мэргэжлийн байгууллагууд 24 цаг хяналт тавьж ажиллаж байна. Энэ жил олон жилийн дунджаас хур бороо элбэг байгаа. Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их байна. Туул, Хэрлэн голууд 10-20 см нэмэгдсэн. Туул, Тэрэлж гол дагуу өдөр бүр завьт эргүүл явж байгаа. Гэсэн ч усанд осолдох, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хоёр иргэн усанд осолдсон. Мөн ослоос гадна маш эрсдэлтэй нөхцлүүд үүсэж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэсэн дуудлагаар ажиллаж иргэний амь насыг аварч, машиныг татаж гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн хорьдугаар хороо Туул голд усан суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу дөрвөн зорчигчийг аварсан.
Нийслэлийн байгаль орчны газрын амьтны эмч н.Цэрэнноров:
-Ойрын өдрүүдэд тарваган тахал өвчин гарч байгаатай холбоотойгоор хууль бус тарваганы ан агнуурт хяналт тавих мөн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх зөвлөмж зөвлөгөөнүүдийг явуулж байна. Ойрын өдрүүдэд амьтны дуудлага 15 удаа ирсэн байна. Үүнээс могойн дуудлага гурав, Өмхий хүрэнгийн дуудлага тав, бор гөрөөсний дуудлага нэг, сарьсан багваахайн дуудлага хоёр ирсэн байна. Нийслэлд хоёр үхсэн тарваганы дуудлага ирлээ. Иргэд та бүхнийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.