Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
“Коронавируст халдвараар дэлхий дахинаа 14,899,000 хүн өвчилж, 617,000 хүн эндсэн байна. 8.9 сая хүн эдгэрсэн бол 5.3 сая хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 213,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст тогтсон дархлаа богино хугацааны дараа арилж байгаа бол хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн дархлаа харьцангуй сайн байгааг тогтоожээ. Тус сургуулийнхан уг судалгаандаа 33,000 хүнийг хамруулсан байна. Шинжаан мужийн Өрөмч хотод халдвар голомтлон гарсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 3.5 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргалаа. Энэтхэгийн Дели хотын нэлээн олон тооны оршин суугчдыг эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулан судалж тус хотын хүн амын дөрөвний нэг нь коронавируст халдвар авсан байсныг тогтоожээ.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 5,842 хүн халдвар авсан нь сүүлийн 3 сард бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болж байгаа юм. Манай хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын хувьд өчигдөр 333 хүн ажиглалтад шинээр орж, 80 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар нийт 3,395 хүн ажиглалтад байна.