УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт энэ сарын 7-нд 5.5 жилийн хорих ял оноосон. Тэгвэл түүнийг хууль бусаар хорьсон асуудалд анхаарлаа хандуулж, энэ хэргийн үнэн мөнийг ялгаж, суллахад нь анхаарлаа хандуулахыг хүссэн өргөдлийг түүний дүү Н.Цэлмүүн олон улсын “Change.org” байгууллагад гаргажээ.
Тэрээр энэ өргөдлийг НҮБ болон АНУ-ын улстөрч Дональд Ян, Дина Титус нарт хаяглажээ. Дэлхийн нийтийн өөрчлөлтийн төлөөх платформ буюу “Change.org” хэмээх байгууллага нь АНУ-д төвтэй, аливаа улсын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, эрх баригчдын анхаарал, сонорт хүргэж, шийдлийг бий болгохын тулд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулдаг юм.
Энэ байгууллагад дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг хүссэн 260 гаруй сая хүн хандаж байснаас 31 мянга гаруй нь асуудлаа амжилттай шийдүүлж байжээ.