Монгол Улсын Ерөнхийлөгчийн багшийн хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Баянзүрх дүүрэг 22-р тойргоос нэр дэвшиж байсан АН-ын гишүүн Ч.Чулуунцэцэг яагаад бие даах болсон, сонгуулиар хэрхэн ажилсан талаараа Зууны мэдээ сонинд ярьжээ. Тэрбээр “…Бие даагч нар гарах ямар ч боломжгүй байхад би яагаад нэрээ дэвшүүлсэн бэ гэвэл мэдээж улс төрд орж байгаа хүний хувьд, улс төр сонирхдог хүний хувьд, намын гишүүний хувьд би АН-аасаа нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцсон.
Би өөрөө бие даасан боловч АН-ынхаа хоёр нэр дэвшигчийг дэмжиж орсон. Үндсэндээ миний штаб бүрэлдэхүүнээрээ АН-ын хоёр нэр дэвшигчийг дэмжиж ажилласан. Энэ бол бүгдэд илэрхий байсан.
МАН ч гэсэн 76 бие даагч оруулж дэвшүүлсэн гэсэн яриа байдаг. Түүнтэй адил би хоёр нэр дэвшигчээ дэмжиж сонгуульд орсон.
Хэрэв надад АН-аас квот олдсон бол би АН-аасаа л нэр дэвших байсан. Тэгэхээр надад намд өгөх 100 сая төгрөгийн дэнчин, мөн цаашаа тойрогт зарцуулах сонгуулийн зардал болох 700 орчим сая төгрөг хэрэгтэй болно. Тийм мөнгө надад байгаагүй. Тэрийг төлөхгүй бол нам нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тиймээс би намд ийм их хэмжээний мөнгө төлөх шаардлагагүй. 700 сая төгрөг, дэнчингийн мөнгөтэй нийлээд 800 орчим сая төгрөгийг намд өгчихөөд УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж бодъё. Гэтэл УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин 20 гаруйхан сая төгрөг л болно шүү дээ.
Сонгуульд зарцуулсан тэр их мөнгийг би хаанаас олж авах вэ. Ийм асуут гарч ирж байгаа биз. Өөрөөсөө 600-700 сая төгрөг гаргачихсан хүн дөрөвхөн жил төрд байж УИХ-ын гишүүнээр ажиллах гэж явна гэдэг хэнд ч ойлгомжгүй. Тэгэхээр тэр их мөнгийг төрөөс хулгай хийнэ гэсэн үг үү.
Илэрхийгээр 700-800 сая төгрөг гаргаад, би энэ мөнгийг та нарт төлж байгаад УИХ-ын гишүүн болчихоод төрөөс хулгайлж авна гэдгээ үгээсээ бус үйлдлээрээ илэрхийлж явах нь хэтэрхий гутамшигтай санагдсан учраас би намд мөнгө төлж чадахгүй гээд намаасаа нэр дэвшээгүй. Харин намынхаа хоёр нэр кандитатыг дэмжиж оролцсон. АН-ын хоёр нэр дэвшигч бол олны танил, нэр хүндтэй, олон жил улстөрд явсан хүмүүс байсан.
Миний хувьд төрийн бүх байгууллагын шаардлагад нийцсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ бол “Хүүхдэд ээлтэй Монгол Улс” гэсэн нэртэй мөрийн хөтөлбөр байсан юм” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ