Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нэмэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нар өнөөдөр шуурхай хуралдлаа.
Хурлын үеэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болгов.
Тодруулбал, энэ оны долоодугаар сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хоёр хүн “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж эндсэн юм.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж буй билээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам