Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэл хийв.
Манай аймгийн хувьд Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт, Сант зэрэг сумд тарваган тахлын голомттой бөгөөд жил бүрийн хяналтын шинжилгээгээр тарваган тахал өвчний үүсгэгч илэрдэг өндөр эрсдэлтэй.
Иймд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга О.Батжаргал Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан багт үүрэг болголоо. Мөн өвчний голомттой сумдад эргүүл гаргаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байна. Энэ оны 7 дугаар сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд 2 хүн “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж эндсэн байна.