Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай захирамж, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын баталсан “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг үндэслэн “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын МNS5633:2019 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллах хүсэлтэй нийслэлийн ногоон бүсийн 9 зусланд 2020 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд хяналт үнэлгээ хийсэн.
2020 онд “Коронавирус /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байна.
Хяналт үнэлгээнд хамрагдсан 9 зуслангаас 8 зуслан ажиллах боломжтой, 1 зуслан нь ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарлаа. Зуслангуудын дундаж үнэлгээ 74,6%-тай буюу дундаж үнэлгээтэй байна. Хүүхдийн зуслангуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зөвлөмжийг зуслан бүрд хүргүүлсэн. 2020 оны 07-р сарын 16-ны өдөр ажлын хэсгийн дүнгийн хурлыг зохион байгуулж цаашид хүүхдийн зусланд тавигдах шаардлага, гарсан зөрчлийг арилгуулах талаар хэлэлцэн хамтран ажиллахаар болсон.
Ингээд энэ зун буюу 07 дугаар сарын 20-оос нийслэлийн ногоон бүсийн болон төв аймагт байрлалтай 12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бэлтгэл ажлыг хангах бүртгэл явагдаж эхлээд байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар