Нар жаргаж байлаа. Өдрийн аагим халуун хаашаа ч юм одоод, үдшийн сэрүүн буужээ. Баруун уулын цаадтай, нар хайлмагтсан шар тос шиг мэлтэгнэж дур татахад, тэртээх тэнгэрийн хормойд гал улаан гэгээ татаж, дээхнээ алтан шаргал цацраг, хамгийн дээр үл мэдэг сүүн цагаан туяатай атал, чанх эсрэг талд зүүнтээ хөхрөх уулын тэргүүнээс тэнгэрийн өнгө гүн хөхөөс цэнхэр хүртэл ууссан нь цэнгэг нуур дээгүүрээ эргэлдэх салхинд бүүвэйлэгдэн долгилох шиг, дундаа бүртийх ч толбогүй их сонин харагдана.
Түмэн өнгөөр жиргэх шувуудын жиргээ, түүний хажуугаар гижиг хүргэм пор пор ундрах булгийн чимээ нэн таатай. Энэ бүхэн надад торовч сэтгэлд ер буухгүй…
Нэг л мэдэхэд намар болчихно. Үеийн хүүхдүүд сургууль соёлд яваад өгөхөөр ганцаардах байх даа. Хотыг хачин сайхан гэлцдэг, очиж үзэх юмсан.
…Гэтэл аав маань “Үс урт, ухаан богино эм хүн юу сурч базаах вэ. Нас өндөр бидний цайг чанаж, хөлийг хучиж өгнө байгаа” гээд огт хөдөлгөхгүй юм. Тэгээгүй бол саахалтын Дондогтой цуг явах байсан. “Бүсгүй хүний заяа бусдын гарт“ гэж ээжийн ярьдаг юутай үнэн бэ гэж бодоход үгүүлшгүй их гуниг төрж, санаа дагаад ч тэр үү орчлон тэр аяараа чимээгүй болчих шиг санагдлаа.
Нар жаргаж байна. Хорвоогийн нэг өдөр ингээд л дуусах нь, нар аа чи хоромхон хоромхон атугай байзнаач гэж дотроо залбирмаар…
Жаргаж буй нарны туяа бөөн цагаан үүлтэй наадахуй, доод хэсэг нь чавга шиг улайсан атал оройдоо цасан цагаан өнгөтэй ажээ. Дундах хэсэгтээ үзмэн ягаан, тэгээд улбар шар, харахад л арааны шүлс асгаруулам амтат чихэр, жимсэн үүлс нүүж байна. Үүлс үлгэр ярьдаг, дуу дуулдаг. Үүлэн дунд ажаагийн мөрөөддөг аз жаргал, эмээгийн ярьдаг мөнхийн ус, ер нь бүх юм бий гэж бодож итгэж явсан тоодойсон дээл, шодойсон гэзэгтэй, хөл нүцгэн бага нас минь үүлсийн орой эмжин гэрэлтэх цасан цагаан туяатай хамт энгүй уудам талын дээгүүр исгэрэх салхин хөлөглөж, шүүдэр зүүдэлсэн цэцгийн булбарайхан дэлбээ, ээжийнхээ дэргэд үнэгчлэн унтах нялх хүүгийн хүсэл рүү нүүж явлаа. Баяртай бага нас минь!
Гэнэт сэтгэл минь уужраад өвсний толгойд сэрүү буусныг, үдшийн салхи намрын амттай айраг шиг хамар сэнгэнүүлэн сэвэлзэхийг мэдэрвэй.
Бүх юм дуу шиг шуугиан хөл хөгжөөнтэй. Гэрээ зүглэн алхаж явахад нарны цацраг ойж буун наадах хувинтай ус минь амьдралын буулга шиг хүнд санагдлаа.
Маргааш сайхан өдөр болох нь ээ. Харин хувь заяа минь чи хэний гарт байна вэ?