Одоогоос зургаан жилийн өмнө Мөрөн-Улаанбаатар чиглэлийн 253.3 км хатуу хучилттай автозамын нээлт болж Хөвсгөл аймгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо хэмээн төрийн түшээд баярлан хөөрч, тууз хайчилж байлаа. Гадаад, дотоодын аялагчдын цуваа үл тасардаг Хөвсгөл аймаг автозамтай болсноор жуулчид тав тухтай, түргэн шуурхай зорьсон газраа хүрэх боллоо хэмээн алгаа ташин хүлээж авсан билээ. “Үе үеийн хөвсгөлчүүдийн мөрөөдөл болсон” хэмээн тунхаглаж байсан өнөөх зам хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар борооны пянг даахааргүй хэврэгхэн эд байсан бололтой. Чингис бондоос 66.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 115.5 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан автозам энэ сарын 14-нд эвдэрч үнэхээр түүхэнд тодоор бичигдэх зам болов.
Мөрөн-Улаанбаатар чиглэлийн автозамын нээлт. 2014 он
Хатгал-Мөрөн чиглэлийн зам 2019 оны долдугаар сарын 14
Тодруулбал, Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс дөрвөн км орчим зайд замын зорчих хэсэг гурван метр орчим сэтэрчээ. “Тухайн замын засвар, арчилгаа, үйлчилгээний ажлыг эхний 1-3 жилийн хугацаанд гэрээнд заасны дагуу зам барьсан компаниуд болон тус аймгийн “АЗЗА” компани хариуцаж ажиллах учиртай. Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийг хүсч байна” хэмээн тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайханбилэг үүрэг болгож байв. Гэвч энэ нь нээлтийн үеэр хэлсэн хоосон сүржин үг төдийхөн байсны шанг хатгалчууд сая амслаа.
Үр ашгаа өгч, хөгжил дэвшилд хөтөлнө гэсэн зам нь эвдэрч эсрэгээрээ олон хүний амь насыг авч одож, ажил амьдралаас нь салгахаа шахав. Автозамын бүтээн байгуулалтын ажилд 270 орчим машин механизм, тоног төхөөрөмж ашиглаж, 700 гаруй инженер, техникийн ажилтан, туслах ажилчид оролцсон гэдгийг бахархалтайгаар зарлаж байв.
Гэтэл 1000 орчим хүний хөдөлмөр шингэж, 120 орчим тэрбум төгрөгийн зардлаар бүтсэн автозам сэтэрсний хариуцлагыг хэн үүрэх вэ. Үүн дээр нэмээд Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд хоёр км орчим зайд зам сэтэрч, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүсээд байна.
Гүүрний хавтан нурснаас Увсын хөдөлгөөнийг хаалаа
Увс аймагт бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Улаангом-Хандгайт чиглэлийн автозамын 19 дэх км-т байрлах Шургадгийн сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан усанд унажээ. Ингэснээр аймгийн төвөөс Түргэн, Давст, Сагил, Бөхмөрөн сумын автозам хаагдаад байгаа юм.
Гүүр нурах үеэр автомашин зорчиж байсан эсэх, хэдэн хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Тус аймаг зарим автозам, гүүрийг засч шинэчлэх ажилд өнгөрсөн онд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Гэтэл урт удаан үргэлжилж байгаа Гашууны голын гүүрний засварын ажил дуусаагүй байхад гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болжээ.
Ийн зам, гүүр засварлах ажилд зарцуулсан 13 тэрбум төгрөг Шургадгийн сайрын болон Бага Түргэний гүүрний хаагуур нь өнгөрчихсөн юм бол гэсэн асуудал сөхөгдөнө. Эхэлж барьсан гүүрээ шинэчилж, хэдэн өдрийн бороонд элэгдээд уначихааргүй болсных нь дараа шинэ гүүр барьж эхлэх нь зөв баймаар. Гэтэл чанарт бус тоонд анхаардгийн харгайг иргэд амсаж, аймгийн төвөөс орж гарч байгаа машинуудыг трактороор чирж гаргаж байна. Гүүр нурах үеэр автомашин зорчиж байсан эсэх, хэдэн хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хэнэггүй түшээдийн балгийг ард түмэн амсаж ханахгүй нь.
Төв аймгийн Лүн, Эрдэнэсантын зам эвдэрчээ
Төв аймгийн Лүн сумын зам. 2020 оны долдугаар сарын 09
Төв аймгийн Лүн сумын зам. 2019 оны зургадугаар сарын 17
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын барьсан гэх Төв аймгийн Лүн сумын зам үргэлжилсэн бороо орох бүрт эвдэрдэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн зургадугаар сард 20 гаруй км газрын 19 хэсэгт эвдрэл үүсч, улсад 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн 110-113 км-т засмал зам цөмөрч, зарим газарт далан нурж, 1300 орчим зорчигч, 28 автобус усанд боогдож байсан юм. Тэгвэл энэ сарын 9-нд аадар бороо орсны улмаас Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагджээ. Жил бүр шахам асуудал тарьдаг 21.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий Улаанбаатар-Лүн чиглэлийн 172 километр энэ замыг барих тендерт 2007 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани шалгарсан.
Жолоочийн буруутай үйлдэл хэмээн хамаг бурууг жолооч нартаа тохож, хорьж цагдаж өчнөөн саяар торгодог. Гэтэл чанаргүй зам барьсан, зам барих нэрийдлээр өчнөөн тэрбум төгрөг “залгисан” этгээдүүдэд яагаад хэн ч хариуцлага тооцдоггүй юм бэ.
Ингэхдээ “Очир төв” компани нь тус замын өртөг болох 21 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан. Гэвч ашиглалтад орох хугацаа хөрөнгө мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсны эцэст 2009 онтой золгож, улмаар 2012 онд улсын комисс хүлээн авсан байдаг. Энэ удаа бас хэдэн тэрбум төгрөгөөр дахин засварлах нь одоогоор тодорхойгүй байна.
Дэлхийн бусад улс орон чанартай зам бариад хөгждөг бол манай улс чанаргүй зам барьж харин чиг улсынхаа хөгжлийг ухраасаар байгааг дээрх жишээнүүд баталж байна. Төв аймагт автозамын сүлжээг 101.9 хатуу хучилттай замаар нэмэгдүүлж автозамын салбарт улс орон нутгийн төсвийн 61.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байв. Эхнээсээ тавьсан зам нь эвдэрчихээр үүнд зарцуулсан 60 гаруй тэрбум төгрөг нь дагаад салхинд хийснэ.
Хөдөө орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн зам тээврийн ослоор амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Үүнийг бид жолоочийн буруутай үйлдэл хэмээн хамаг бурууг жолооч нартаа тохож, хорьж цагдаж өчнөөн саяар торгодог. Гэтэл чанаргүй зам барьсан, зам барих нэрийдлээр өчнөөн тэрбум төгрөг “залгисан” этгээдүүдэд яагаад хэн ч хариуцлага тооцдоггүй юм бэ.
Б.Должинжав