Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо.
“Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.
Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулав.
Увс аймгийн харьяат “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь 2018 онд Улсын аварга болж байсан бол өнгөрсөн жилийн улсын их баяр наадмаар Э.Оюунболдод өвдөг шороодсон билээ.
Пүрэвийн Бүрэнтөгс 2012 он Улсын арслан цол хүртсэн бөгөөд өнгөрсөн жилийн улсын наадмаар зургаа давж байжээ. Үзүүр түрүү булаалдаж буй хоёр хүчтэн хоёул “Увс нуур” дэвжээний бөхчүүд.