Гадаад харилцааны дэд сайдыг томилов

2020-07-10 19:191min0
ug;

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Батсүмбэрийн Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ. Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй