Архангай аймгийн төвд хоёр давхар шаргал байшингийн жижиг өрөөнд “Ар арвижин дэлгэрэх” хоршооны ажилчин С.Энх-Амгалан, Б.Мөнхжаргал нар гар аргаар ажилладаг төхөөрөмжөөр утас ээрч суулаа. Тус хоршоонд гар аргаар ээрсэн сарлагийн хөөврөн утас худалдаж авах захиалга Шведээс иржээ. Алс холоос ирсэн захиалгаа амжин гүйцэтгэхээр хоёр ажилчин шамдана. “Ар арвижин дэлгэрэх” хоршооны сүлжигч С.Энх-Амгалан “Европын орнуудаас гар аргаар ээрсэн хөөврөн утас авах захиалга ирдэг юм. Тэндхийн хүмүүс гар аргаар хийсэн хувцас хэрэглэлд дуртай гэсэн. Тиймээс манайхаас утас авах захиалга ирдэг. Машинаар ээрснээс гараар хийсэн утасны үнэ ч илүү байдаг” гэж ярив.
Тус хоршоог Архангайн малчдын холбооны гишүүдийн санаачилгаар Франц улсын Монголд үйл ажиллагаа явуулж буй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2010 онд байгуулжээ. Тухайн цагаас хойш хоршооныхон гишүүн өрхүүдээсээ хөөвөр худалдан авч, Өвөрхангай аймгийн “Ноос ирээдүй” компаниар угаалган, Улаанбаатарт ЕБС үйлдвэрээр самнуулж, дотоодын зах зээлд нийлүүлдэг болсон байна. Улмаар боловсруулсан хөөврөө 2016 оноос Франц, Испани, Канад, Япон руу экспортлох болжээ. Экспортлоод илүү гарсан хөөврөөрөө 20 гаруй нэр төрлийн бэлэн хувцас үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон Архангай аймгийн хэрэглэгчдэд худалддаг юм байна. Тэднийх сарлагийн самнасан хөөврөөс гадна дээр дурдсанчлан ээрсэн утсыг бага хэмжээгээр Европын орнууд руу экспортолдог.
Тус хоршооныхон жилдээ 1900 орчим бэлэн хувцас үйлдвэрлэж байна. Үүний 25 гаруй хувийг өөрийн цехэд үйлдвэрлэдэг бол бусдыг нь “Дели кашмер”, “Би Си говь”, “Сувд” зэрэг сүлжмэлийн үйлдвэрт захиалгаар хийлгэдэг байна.
“Ар арвижин дэлгэрэх” хоршооны бүтээгдэхүүний брэнд нэр нь “Baby yak”. Бүтээгдэхүүнээ Улаанбаатар дахь нэрийн дэлгүүр, аймгийнхаа төвийн “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөр борлуулдаг аж. Бага насны буюу бяруу, шүдлэн үхрийн хөөврийг сонгон авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас “Baby yak” гэсэн брэнд нэр хайрлажээ. Сарлагийн бага насны үхрийн хөөвөр урт, микрон нарийн байдаг гэнэ. Тиймээс биед эвтэйхэн, зөөлөн хувцас үйлдвэрлэдэг юм байна.
Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр “Baby yak” хөөвөр 16-17 микронтой буюу ямааны гуравдугаар зэргийн ноолуурын ширхэгтэй тэнцэж байгаа аж. Хангайн нурууны сарлаг далайн түвшнээс 2000 метрээс өндөрт бэлчээрлэдэг тул тэсгим өвлийг даван туулах байгалийн зохилдлого бүхий дулаан хуримтлуулагч ноолууран ширхэгтээр хүйтнээс хамгаалдаг байна. Иймээс хөөврөн бүтээгдэхүүний хамгийн том давуу тал нь дулаан хадгалах чадвар нь юм. Үүнээс гадна агаар нэвтрүүлэхдээ сайн, чийгийг хуримтлуулдаг, арчлахад хялбар, хэрэглээ сайн даадаг, угаах тусам зөөлөн болдог давуутай талтай аж.
“Ар арвижин дэлгэрэх” хоршооныхон үзэсгэлэн худалдаанд оролцож буй нь
“Ар арвижин дэлгэрэх” хоршооны гүйцэтгэх захирал Б.Баярмагнай “АНУ-аас энэ жил хөөвөр худалдан авах захиалга ирлээ. Экспортын зах зээлээ тэлэх шинэ боломжууд гарч байна” гэв. Тэрбээр шинэ харилцагчийнхаа захиалгыг биелүүлэх хөөвөр цуглуулахаар удахгүй хөдөө нутаг руу жолоо залах гэнэ. Орон нутгаас гадаадад бүтээгдэхүүн эскпортолж, зах зээлээ алгуурхан тэлж буй тус хоршоо Архангай аймгийн Жаргалант, Өндөр-Улаан, Хангай, Тариат, Чулуут, Эрдэнэбулган сумд амьдардаг 89 малчин өрхийг гишүүнээрээ элсүүлжээ. Гишүүдийнх нь ам бүлийн нийт тоо 238. Тиймээс тэднийх 238 гишүүнтэй хоршоо гэсэн үг. Гишүүд нь бага насны сарлагаа зааврын дагуу самнаж, хөөвөр бэлтгэн хоршоондоо зах зээлийн үнээр нийлүүлдэг дүрэмтэй.
Тус хоршоо нэг кг хөөврийг өнгөрсөн онд 23 мянган төгрөгөөр худалдан авчээ. Хөөврийн үнэ ноолуурын ханшийг дагаж хэлбэлздэг онцлогтой гэнэ. Тэднийх гишүүдээсээ өнгөрсөн хугацаанд нэг кг хөөврийг дунджаар 17 мянган төгрөгөөр худалдан авч байжээ. Бэлтгэсэн хөөврийг боловсруулаад нэг кг-ыг нь 40-50 еврогоор гадаадад борлуулдаг аж. Хөөвөр экспортолж эхэлснээс хойш дотоодын зах зээлд 318 мянган евро оруулж ирсэн байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гишүүдээсээ 316 сая төгрөгөөр хөөвөр худалдан авчээ. Үүгээр зогсохгүй үйл ажиллагааны ашгаас гишүүддээ 113.5 сая төгрөг хуваарилсан гэнэ.
318 мянган ервог өнөөгийн ханшаар бодоход нэг тэрбум төгрөг болно. “Ар арвижин дэлгэрэх” хоршооныхон дөрвөн жилийн хугацаанд хөөвөр экспортлон, нэг тэрбум төгрөгийн нэмүү өртөг бүтээсэн нь энэ.
Тэднийх жилд 6.8 тонн хөөвөр бэлтгэдэг. Монгол Улс 700-800 мянган сарлагтай. Архангай аймаг гэхэд хамгийн олон буюу 280 мянган сарлагтай. “Өөрийн аймгаас гэхэд 60 тонн хөөвөр бэлтгэх боломжтой” гэж Б.Баярмагнай ярьсан. Эл хоршооны үйл ажиллагаа өнөөдөртөө жижигхэн байгаа ч сарлагийн хөөврийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх сайн эхлэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр сул талтай аж. Хөөвөр гарц муутай эд гэнэ. Бэлтгэсэн хөөврийг угаалгахад 30 хувийн хорогдол гардаг. Өөрөөр хэлбэл, хог, шороог нь угаахад 30 хувь нь алга болдог гэсэн үг. Хялгасыг нь самнуулахад дахиад 30 хувь нь “устана”. Тэгэхээр сарлагийн хөөвөр ерөнхийдөө 30 хувийн л гарцтай түүхий эд юм байна. Зүйрлэвэл, зургаан тонн хөөвөр бэлтгэхэд хоёр нь л экспортлох, эсвэл утас ээрэх боломжтой хөөвөр болно гэсэн үг. Өөр нэг сул тал нь будаг авдаггүй. Тиймээс ноолуур шиг өнгө өнгийн будганд оруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй гэнэ. Хар, бор болон саарал гэсэн гурван өнгийн л бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Саарал өнгийн хөөврийг гадаадынхан их хэмжээгээр худалдан авах сонирхолтой, нөгөө хоёр өнгийнхөөс үнэтэй ч байдаг гэнэ. Иймээс Б.Баярмагнай улсаас цагаан сарлаг үржүүлэх бодлого баримтлаасай гэж боддогоо ярив.
“Ар арвижин дэлгэрэх” хоршоо ээрэгч, сүлжигч, худалдагч гээд долоон ажлын байр орон нутагт бий болгожээ. Ажиллагсдадаа 450-750 мянган төгрөгийн цалин олгодог гэнэ. Тэдний хамт олон жижиг цехээ үйлдвэр болгох мөрөөдөлтэй. Дотоодын үйлдвэрүүдэд ашиглаж байсан, энгийнээр “Нисдэг бар”, “Хөлт ногоон” гэж нэрлэдэг, гар ажиллагаа ихтэй сүлжмэлийн машинаар тэд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж. Үйлдвэр болж өргөжихийн тулд компьютероор удирддаг, орчин үеийн сүлжигч машинтай болох шаардлагатай. Зээл аваад ч болтугай тоног төхөөрөмжөө сайжруулах бодолтойгоо тэд дуулгасан юм. Тус хоршоог 2017 онд Улсын тэргүүний хэмээн өргөмжилсөн байна. Гадаад, дотоодын олон үзэсгэлэн худалдаанд оролцсон тэд тэргүүн болон дэд байрын шагнал олон удаа хүртжээ.