УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгийн дараа байгуулагдаж байгаа Засгийн газрын тэргүүн томилогдсоноос эхлээд өнөөдрийг хүртэл улстөр ажиглагчид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд их анхаарал хандуулах болсон.Өнөөдөр зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд цахим хуудсаараа дамжуулан Засгийн газарт ханджээ.

Тэрбээр “ХАНДЛАГААС ТОМ ӨӨРЧЛӨЛТ ЭХЭЛДЭГ: Энгийн зүйл заримдаа нэн чухал өөрчлөлтийг авчрах нь бий. Шинээр бүрдэж буй Засгийн газарт хүргэх нэгэн саналыг үүгээр уламжилья.

УИХ-ын гишүүн, Төрийн яамдын сайд, газар хэлтсийн дарга зэрэг бүх шатны Төрийн захиргааны албан хаагчид
– Улсын эмнэлгээр эмчлүүлж байх,
– Ердийн ЕБС-ийн сургуульд хүүхдээ сургах,
гэсэн журам гаргаж хатуу хэрэгжүүлэх. /хуульчилсан ч болно/ Төрийн албаны тухай хууль/
– Монголд эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх гарцаагүй шаардлагатай өвчин зовлонгийн үед хэний ч зардал мөнгийг төр хариуцаж байх. Учир нь өдий хүртэл хугацаанд тийм эмнэлгийн үйлчилгээг бий болгож чадаагүйнхээ хариуцлагыг Төр хүлээх нь зүй ёсны зарчим, ёсзүйн хариуцлага болно. Энэ бол хандлага.

ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

1. Манай Эрүүл мэнд болон Боловсролын салбарын шинэчлэлийн олон бэрхшээл саад арилна. Учир нь бодлого боловсруулагчид, гүйцэтгэгчид бодит амьдралд бууж ирнэ.
2. Хамгийн гол нь хандлага өөрчлөгдөнө. Ялгарал, үл ойлголцол багасна. ИРГЭД ТӨРДӨӨ ИТГЭНЭ, ТӨР ИРГЭДДЭЭ ОЙРТОНО.
Төрийн өндөр албан тушаалд гуйлгаж биш өөрсдөө зүтгэж очиж буй хүмүүс өөрсдөд нь энэ мэт эрсдэл байна гэдгийг мэдэж байх ёстой юм.
Хөгжлийн том том бодлогоос илүүгээр хандлага, зарчмын чанартай ялимгүй өөрчлөлт магад тэр том бодлогыг хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг болдог.
Бодлогын чанартай саналаа тусад нь бичье.
.
За тэгээд зарчмын, хандлагын шинжтэй дээрх гурван санааны сайн муу, эерэг сөрөг талыг нь тал талаасаа хэлэлцээрэй. Миний үзэхэд эерэг нөлөөлөл нь илүү байна. Учир нь энэ өөрчлөлтүүд нь хандлагын, зарчмын шинжтэй юм, хандлагаас том өөрчлөлт эхэлдэг. Том бодлого явж явж хандлага, боловсон хүчин хоёр дээр очоод л унадаг шүү” гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн