Үндэсний Их баяр наадмаар “Ковид-19 цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хурдан морь унах хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно.
Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл 6 дугаар сарын 29-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 08 хүртэл аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд, сумдад Тамгын газрын байранд бүртгэж байгаа.
Мөн 7 дугаар сарын 9-нд Хүй долоон худаг, аймгийн баяр наадмын талбайд бүртгэл явагдана. Уралдаанч хүүхэд бүртгэлээ хийлгэхдээ өөрийн биеэр эцэг эх, асран хамгаалагч, уяачтай ирж бүртгүүлэх ёстой. Гарааны үед хяналтыг хувьд энэ жил Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Харин хүүхдүүд картаа хаяж, гэмтээж болохгүй.
Жил бүр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг хангах, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.
Хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 2018 оноос 21 аймаг, нийслэлд амжилттай нэвтрүүлсэн юм. Энэхүү бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр зэрэг хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байдгаараа давуу талтай юм байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 01-р тогтоолын дагуу хурдан морины уралдааны үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл, удирдамжийг баталж, 21 аймаг, нийслэлд хүргүүлж, цахим сургалт зохион байгуулсан.
Тус удирдамжид: Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй. Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ. Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой.
Хүй долоон худагт хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/ хариуцан ажиллана.