Халдвар, царцааны халдлага, байгалийн ховор үзэгдэл: Хараагдсан 2020 он

2020 он хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд жилүүдийн нэг бололтой. Сар бүр аймшигтай зүйл тохиож байгаа нь үүнийг харуулна. Царцааны дайралт, эдийн засгийн уналт, тэнгэрт байсан од алга болох, дээр нь элдэв тахал өвчин… Энэ бүгдийг нийлүүлбэл нэг иймэрхүү.

2019 оны 12 сарын 31.

Энэ өдөр байгаль ертөнц хүртэл ирэх онд аймшигтай зүйл болохыг сануулсан мэт байлаа. Энэ зургаас харахад л ойлгомжтой байгаа биз. Австралид 2020 оны эхнээс л ойн түймэр улам эрчимжиж, тэрбум гаруй амьтан үхсэн бөгөөд түймрийн утаа Өмнөд Америкт ч хүрч байна. Нэгдүгээр сарын дундаар хүчтэй бороо Австралийн түймрийг унтраасан ч үер ус, хөрсний гулгаа гээд дахин шинэ аюул авчирсан аж.

Нэгдүгээр сар.


Нэгдүгээр сарын 3-нд Америкийн агаарын цэргийн хүчин Багдад хотын нисэх онгоцны буудалд агаарын цохилт хийж, “Аль-Кудс” Исламын бүгд найрамдах улсын Харуул хамгаалалтын корпусын тусгай анги нэгтгэлийн командлагч, генерал Касем Сулейманийн аминд хүрсэн. Иран улс Сулейманийн үхлийн хариуд хатуухан өс хонзон авна гэж амлаж байлаа. Энэ өдрөөс л Дэлхийн гуравдугаар дайн эхлэх нь гэсэн мэдэгдэл олон нийтийн сүлжээгээр гарч байлаа.

Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа Иран улс Украины иргэний агаарын тээврийн Boeing 737 онгоцыг Тегераны нисэх онгоцны буудлаас хөөрөхөд нь сөнөөж, 176 хүн амиа алдсан байдаг.

Дахиад нэгдүгээр сар.


Нэгдүгээр сарын 11-нд Хятадад үл тайлагдах вирусээс халдварласан эхний хүн нас барлаа гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ өдрөөс хойш дэлхий дахинаа 500 000 гаруй хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Дахиад л нэгдүгээр сар.

Калифорни мужийн Калабас хотод найман хүн сууж явсан нисдэг тэрэг сүйрсэн нь дэлхийн дуулиан болсон. Энэ нисдэг тэргэнд бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Коби Брайант 13 настай охин Жианнатайгаа сууж явсан юм. Ийнхүү дэлхий дахин шилдэг сагсан бөмбөгчнөө алдлаа.

Хоёрдугаар сар


Африк тив бүх цагийн түүхэн дэх царцааны хамгийн том халдлагад өртлөө. Дэлхийн дулаарлаас болоод царцаанууд ургац ихээр идэж, хэдэн сая хүн идэх юмгүй, өлсөх аюулд ороод байна.

Гуравдугаар сар

Коронавирусийг цар тахал хэмээн зарлав. Газрын тосны эрэлт буурч, үнэ нь огцом уналаа.

Тавдугаар сар

АНУ-д африк гаралтай америк Жорж Флойдын үхлээс болоод эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж эхлэв. Хотуудад цэрэг оруулж, эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөж байх зуур тонуулчид дэлгүүрт дээрэм хулгай хийж байлаа. Америкийн бараг бүх хотод цагдаагийн даварсан үйлдлийг эсэргүүцсэн жагсаал болж, араас нь Европ тив энэ хөдөлгөөнд нэгдэв. Итали, Франц, Бельги болон бусад улсад арьст өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаал өрнөлөө.

Зургадугаар сар.


Цар тахал буурахтай зэрэгцээд дэлхийн олон хот хөл хориогоо цуцалсан боловч коронавирус алга болсонгүй.
Түүнчлэн нарнаас 2,5 сая дахин хурц гэрэлтэй нэгэн од галактикаас гэнэт алга болжээ. Уг од 2001-2011 онд идэвхжсэн юм.

Долдугаар сар


Ботсванд сүүлийн хэдэн сарын турш заанууд үхэж байна. Харин юунаас болоод үхэж байгааг хэн ч мэдэхгүй байна. Байгаль хамгаалагчид заануудыг ямар нэгэн өвчний халдвар авсан юм уу ямар нэгэн бодист хордсон байж болзошгүй гэж үзэж байна. Мөн халдвар нь хүмүүст ч аюултай байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.

Үүний зэрэгцээ Монгол, Хятадад тарваган тахал бүртгэгдлээ.

Эх сурвалж: meduza.io

Орчуулсан Э.МАРТ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн