Дотоодын махны хангамжийг тогтворжуулахаар энэ жил нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж 38 аж ахуйн нэгж нийт 11.3 мянган тонн махыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн бөгөөд бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулсан.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 173 хороон дахь зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр амжилттай зохион байгуулсан юм.
Одоогийн байдлаар 1300 тонн мах үлдсэнийг Засгийн газраас тогтоосон үнээр үргэлжлүүлэн зарж дуусгах юм. Тодруулбал, хонины ястай махыг нэг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700, ямааны махыг нэг кг нь 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа нь зах зээл дээрх махны үнээс 35-45 хувиар хямд байна.