Хүүхдийг буруу тээвэрлэн хурд хэтрүүлсэн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 29-ний өдөр Toyota Alphard маркийн автомашин хурд хэтрүүлж, хүүхдийг буруу тээвэрлэсэн зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан.
Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир “Тухайн өдөр 12:10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолооч М-ийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг иргэд цахимаар мэдээлсэн.
Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, Toyota Alphard маркийн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар арга хэмжээ тооцсон.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас нийт 182 хүн амь насаа алдсан. Үүнээс 82 нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон харамсалтай тоо баримт бий.
Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна” гэсэн юм.