“Дээд боловсролын салбар дахь авлига: Дэлхий дахины сорилт ба хариу арга хэмжээ” хэмээх ном хэвлэгдэн гарсан байна. Энэхүү номд 2016-2018 онд гарсан нийтлэлүүдийг нэгтгэн гаргасан бөгөөд нийтдээ 30 орчим улсын жишээ, 25 сэдвийг хамруулсан байна.
Авлигын цар хүрээ
Дээд боловсролын салбар дахь авлига нь дэлхий дахины асуудал болсон бөгөөд өндөр хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад ялгалгүй гарч байгааг энэ номд харуулсан байна. Швед, Швейцарь, Япон зэрэг улс орнуудын дээд боловсролын салбар дахь авлигын талаар номд авч үзсэн нь зарим уншигчдын хувьд цочирдохуйц зүйл байж болох юм. Авлигын шинж чанар, ач холбогдол нь бүс нутгийн хувьд харилцан адилгүй байна.
Номд хэд хэдэн удаа гарч ирж буй нэг асуудал бол бид авлига гэдгийг яг юу гэж үзэх вэ гэсэн асуудал байв. “Авлига” гэсэн нэр томьёог нарийн тодорхойлох нь төвөгтэй юм. Жишээлбэл, зарим улс оронд бусдын бүтээлийн хулгай (plagiarism), албан тушаалын байдлаа ашиглан гэр бүлийн гишүүдээ ажилд оруулах, зүй бусаар давуу байдал олгох (nepotism) явдлыг авлига гэж үзэж байхад зарим улс оронд байж болох зүйл гэж хүлээн зөвшөөрч байна. Мөн түүнчлэн шалгалтдаа хуулах, их сургуулийн дипломыг хуурамчаар үйлдэх зэрэг ёс зүйгүй явдлын талаар хоёрдмол утга байж болохгүй билээ.
Номыг уншиж байхад дээд боловсролын салбарт авлига хэр гүнзгий нэвчсэн байгааг ойлгох болно. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас 2013 онд “зарим тохиолдолд авлига нь дээд боловсролын бүхий л тогтолцоог эзэлсэн” гэж онцолж байсан нь үнэн болж байна. Номоос харахад энэ байдал дор хаяж Орос, Украин, Энэтхэг улсын хувьд үнэний ортой байж болохоор байна. Магадгүй бид мөсөн уулын зөвхөн оройг харж байх талтай.
Дээд боловсролын салбар дахь авлигыг судлах, эсхүл мөрдөн шалгахад маш хүнд байдаг. Их сургуулиуд авлигын хэргийг бараг л хэзээ ч мэдээлэхгүй, мөн түүнчлэн нэр хүндээ алдахаас сэргийлж хэвлэл мэдээлэлд мэдэгдэх явдлыг хязгаарлах оролдлогыг тогтмол хийдэг. Тиймээс ихэнх улс орнуудын дээд боловсролын салбар дахь авлигын бүрэн цар хүрээ тодорхойгүй байна. Мөн улс орнуудын, ялангуяа хөгжиж буй улс орнуудын дээд боловсролын систем хөгжсөнөөр авлига улам нэмэгдэх магадлалтай.
Авлигын шалтгаан
Яагаад дээд боловсролын салбарт авлига тархсан байна вэ? Номд тусгагдсан хэд хэдэн бүлэгт шалтгааныг тодорхойлох оролдлого хийсэн байна.
Оюутнуудын талаас харахад үндэсний болон олон улсын сайн их сургуульд орох явдал хязгаарлагдмал байдаг бөгөөд чадавх муутай оюутнууд сургуульд элсэхийн тулд сургуулийн ажилтан болон хөндлөнгийн зууч этгээдүүдтэй хуйвалдаан зохион байгуулдаг. Улмаар сургуульд элсэж орсноор эдгээр оюутнууд ажилд ороход зайлшгүй шаарддаг зүйл болох эрдмийн зэргээ хамгаалахын тулд бүхий л боломжит ёс зүйгүй аргуудыг эрэлхийлдэг.
Харин багш нарын хувьд ихэнхдээ цалин багатай байдаг бөгөөд сургуулийн үйл ажиллагаа болон сургуулиас гадуур бусад үйл ажиллагаанаас орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайж байдаг. Эсхүл тэд богино хугацаанд тушаал дэвших, нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлэх, сайн үр дүн гаргаж авахын тулд судалгааны мэдээллээ хуурамчаар үйлдэх зэрэг оролдлого гаргадаг.
Энэ номд дурдаагүй нэг хүчин зүйл бол улс төрийн нөлөө юм. Хөгжиж буй улс орнуудад улсын сургуулийн удирдах зөвлөлийг засгийн газраас томилдог бөгөөд засгийн газрын нөлөө уг зөвлөлд их байдаг.
Их сургууль нь оршин буй тухайн нийгэм, улс орны тусгал болдог гэсэн баримт ч байдаг. Өөрөөр хэлбэл авлига бүх салбарт нь тархсан улс орны хувьд дээд боловсролын салбар нь ч мөн авлигад автсан байдаг.
Авлигыг устгах
Дээд боловсролын салбар дахь авлига нь ихээхэн төвөгтэй бөгөөд засгийн газар, хууль тогтоох байгууллага зэрэг олон талууд уг үйл ажиллагаанд оролцож байдаг. Энэ байдал нь авлигыг устгахад хүндрэлтэй болгодог.
Авлигыг устгах олон санал санаачилга байдаг бөгөөд тэдгээрийн заримаас дээрх номд тусгасан байна.
Санал нэгдэж болох нэг санаа бол авлига нь юунаас бүрддэг талаар нийтлэг ойлголтыг бий болгохын тулд оюутан, багш нарт зориулан ёс зүйн чиг баримжаа олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм.
Өөр нэг үр дүнтэй санаа бол хуурамч баримтыг устгахын тулд диплом, дүнгийн мэдээллийг үүсгэхдээ блокчейн технологийг ашиглах явдал юм.
Зарим их сургуулиуд ёс зүйн дүрэм, авлигын эсрэг бодлогын баримт бичиг бий болгосон ч хэрэгжилт хангалтгүй байна. Мөн шүгэл үлээх асуудлыг дэмжсэн байдаг ч оюутнуудын нэгдмэл байдал, багш нар удирдлагаас хариу дарамтад орохоос айх айдас зэргийн улмаас хэрэгжилт муу байна.
Цор ганц, эсхүл богино хугацаанд үр дүнг бий болгох шийдэл байхгүй юм. Хэдий тийм ч аль болох олон талуудыг хамруулсан сайтар төлөвлөсөн арга хэмжээг урт хугацаанд хэрэгжүүлэх нь үр дүнтэй байхаар байна.
Мэдээллийг түгээж, оролцогчдын дунд ухамсрыг нэмэгдүүлж, байгууллагууд туршлагаа хуваалцах нь авлигатай тэмцэх өөр нэг үр дүнтэй арга болдог. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талуудад уг номыг санал болгож байна.
Эх сурвалж: АТГ https://www.universityworldnews.com/post.php?story=2020062415282387