Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: УОК-ын хуралдаанаар хилийн хоригийг долоодугаар сарын 15 хүртэл сунгах шийдвэр гарсан. Энэ оны нэгдүгээр сараас Шуурхай штаб 26 удаагийн захиалгат нислэгээр 5916 иргэнээ татан аваад байна.
Авто зам болон явганаар 5588 иргэн татан авсан. Одоогийн байдлаар манай улс 11504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар татан авсан. Зургаадугаар сард 10 тусгай үүргийн нислэг үйлдсэн. Сүүлийн үед гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа.
Одоогоор 27 байршилд 2300 гаруй хүн тусгаарлагдаж байна. Орон нутагт 242 иргэн, улсын хэмжээнд 2500 гаруй хүн тусгаарлалтад байна. Гэрийн тусгаарлалтад 664 хүн байна.
Тусгаарлах байрны хүрэлцээ хангамж хүндрэлтэй байгаа ч бид аль болох шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Өчигдөр УОК-ын хуралдаанаар тусгаарлах байрны дэг журмын талаар онцгойлон ярьсан. Цаашид энэ талаар тусгайлан ярих асуудал бий.