Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр энэ сард хийх нислэгийн талаар болон бусад мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өглөө.
УОК-ын хурлаар долоодугаар сард гадаадаас иргэдээ татан авах төлөвлөгөөг танилцуулж зөвшөөрөл чиглэл авчээ.
Үүний дагуу долоон сард татан авах нислэгийн тоог нэмсэн байна. Хамгийн эхэнд маргааш БНСУ руу хоёр онгоц ниснэ. Тэнд байгаа иргэдийн тоотой холбоотой ийнхүү нислэгийн тоог нэмсэн юм.
- Долоодугаар сарын 2-нд Улаанбаатар-Сөүл
- Долоодугаар сарын 2-нд Улаанбаатар-Сөүл
- Долоодугаар сарын 4-нд Улаанбаатар-Токио
- Долоодугаар сарын 7-нд Улаанбаатар-Сөүл
- Долоодугаар сарын 7-нд Улаанбаатар-Сөүл
- Долоодугаар сарын 9-нд Улаанбаатар-Истанбул
- Долоодугаар сарын 15-нд Улаанбаатар-Сөүл /транзит/
- Долоодугаар сарын 20-нд Улаанбаатар-Сөүл
- Долоодугаар сарын 21-нд Улаанбаатар-Токио
- Долоодугаар сарын 26-нд Улаанбаатар-Франкфурт
Долоон сарын сүүлээр тусгаарлах байрны нөөцийг харж байгаад дахин тусгай үүргийн нислэг хийх боломжийг судалж байна.
ОХУ-д байгаа оюутнуудыг гуравдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар татан авч байгаа. 5, 6 сард олон тооны иргэдээ татан авсан бол үлдсэн 200-220 орчим оюутныг долдугаар сарын 5-6-нд Алтанбулагаар татан авах шийдвэр УОК-оос гарсан. Мөн БНХАУ-д байгаа буцах хүсэлт гаргасан 308 иргэнээ энэ сарын 2-3-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авна.
Энэ сард 10 удаагийн нислэг, авто замын боомтоор нийт 3000 орчим иргэдийг татан авна.
Хоёрдугаар сараас эхлэн хил бүхэн хааснаас хойш бид иргэдээ зохион байгуулалттай татан авсаар байна.
Зарим ЭСЯ дээр иргэд үймээн самуун гаргасан. Ингэснээр бид тухайн иргэдийг татан авна гэсэн үг биш. Бид өргөдөл гаргасан он сараас эрэмбэлсэн. Мөн удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдээ эхний ээлжинд татан авахаар ярьж байгаа.
Хилийн хөдөлгөөн зогсоох тухай шийдвэр наймдугаар сард хэрхэн нь тодорхой бус байна. Иргэд хилээ нээх хүсэлт шаардлага тавьж байгаа. Улс орнууд хилээ нээж байгаа ч ихэнх улс богино хэмжээний аяллаар иргэд хүлээн авахгүй байгаа.
Манай хоёр хөршид гарсан халдварын тоо өндөр байна. Манайд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын дийлэнх тоо ОХУ-аас ирсэн. Япон, БНСУ-д халдварын тоо эргэн нэмэгдсэн. Энэ судалгаа мэдээллийг үндэслэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөнд үндэслэн УОК тухайн үед нь шийдвэр гарах байх” гэв.