Гүржийг “тамхичдын диваажин, уушгины там” хэмээн нэрлэх нь бий. Учир нь тус улсад ресторан, кафед тамхи татахыг хориглосон заалт байдаггүй аж. Харин парламентаар авч хэлэлцэж буй хуулийн өөрчлөлтөөр бараг бүх газрыг тамхины утаанаас чөлөөлж, тамхины зах зээлийн сурталчилгааг хязгаарлаж хумих бодлого явуулах гэж байна. Шинэ хууль 2019 оноос мөрдөгдөж эхлэх гэнэ.
Тус улсын иргэн Аша Вишневска “Би өөрөө тамхи татдаг. Гэхдээ дотор тамхи татахыг хориглосон нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь тамхиа татдаггүй хүмүүст шударга бус, дээрээс нь надад ч эвгүй” хэмээн ярьжээ. Гадаадын олон жуулчин Гүрж улсын тамхины эрх чөлөөнөөс болж дургүйцлээ илэрхийлэх нь бий. Тэд кафе, ресторанууд дахь тамхины утаа гүржийн хоол төдийгүй улс орныг бүхэлд нь гутааж байна гэж өгүүлдэг. Хэдий тийм ч нутгийн иргэд баар, ресторануудад тамхи татах хоригийг олон янзаар хүлээн авч байна. Шинэ хоригийг хүлээн суугаа хүмүүс аяга кофе уухаар нэг газар ороход ямар ч утгагүй байдаг гэжээ. Энэ нь зөвхөн таагүй сэтгэгдлээр зогсдоггүй гэдгийг ч хүмүүс мэднэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр тамхины улмаас зургаан сая гаруй хүн амь насаа алдаж байна. Үүн дээр дам тамхидалтад өртөгсдийг тоолбол 890 мянган үхэл ногддог аж. Гүржид л гэхэд жил бүр 11 мянган хүн тамхитай холбоотой өвчлөлөөр нас бардаг. Тэдний 3000 нь тамхи татдаггүй гэнэ.
Шинэ хууль
Тамхитай холбоотой аймшигтай тоо баримт, түүн дээр Гүржид тамхичдын тоо улам бүр өсөж байгаа нь тамхидалттай холбоотой хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд оруулжээ. Энэхүү хуулийн төслийг парламентаар хүлээн авсны дараа санаачлагч, парламентын гишүүн Гугули Маградзе “Уг хууль нь Гүржийг тамхины утааны орон зайнаас чөлөөлөгдсөн улс болгох, тамхи татдаггүй хүмүүс санаа зовох зүйлгүй, тамхи татдаг нь татдаггүйнхээ эрхийг хамгаалсан газар болгоход чиглэсэн” хэмээн тэмдэглэжээ.
Хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч гарын үсэг зурсны дараа шат дараатайгаар хэрэгжиж эхлэх юм. Ингээд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тамхийг стандартыг савлагаатай худалдаж эхлэх бол 2018 оны тавдугаар сараас орон байранд тамхи татахыг хориглох аж. Гэхдээ орон сууцны барилга, өрөө, сэтгэцийн эмчилгээний байр, казино, тамхины бааранд л уг хориг үйлчлэхгүй. Тамхины баарны хувьд тусгай зөвшөөрөл авч байж хэрэгжинэ. Үүнээс гадна нийтийн тээвэр, таксинд тамхи татахыг хориглоно. Зочид буудалд нийт өрөөний 20 орчим хувьд л тамхи татахыг зөвшөөрнө.
Никотины хамааралтай улс
Тус улсын парламентын эрүүл мэнд, нийгмийн асуудлын хорооны дарга Акакий Зоидзегийн хэлж буйгаар өнөөдөр Гүржийн нийт хүн амын гуравны нэгээс илүү хувь нь идэвхтэй тамхичид бөгөөд дахиад гуравны нэг нь байнгын тамхины утаан дунд амьдардаг аж. Зоидзе “Хүүхдүүдиын дунд ч адилхан байна.
Насанд хүрээгүйчүүдийн 60 хувь нь тамхины утааны үйлчлэл дор аж төрж байгаа бол эндээс 14 орчим хувь нь идэвхтэй тамхичид болжээ” хэмээн тэмдэглэжээ. Гүрж улс 2006 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхитай тэмцэх конвенцид нэгдэн орж, 2011 он гэхэд зохих хууль батлах үүрэг хүлээсэн байна. Гэвч тамхины үйлдвэрлэлийн хүчтэй лоббины уршгаар үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй гэнэ.
Э.МӨНХЗАЯА