Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж өчигдөр үнэмлэхээ авлаа. Хотын дараагийн даргыг сонгох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:
Нийслэлийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан байдаг.
Энэ дагуу эх сурвалжаас тодруулахад маргааш буюу долдугаар сарын 1-нд НИТХ хуралдана гэсэн юм. Харин Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгааг өөр эх сурвалж хэлэв.
НИТХ шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилснаар томилгоо хийгдэх учиртай.
Аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаардаггүй.
Улаанбаатар хотын уугуул буюу хотыг сайн мэддэг хүн нийслэлийн Засаг даргаар ажиллах нь үр дүнтэй гэдгийг өнгөрсөн хугацаанд томилогдсон үе үеийн хотын дарга нарын шийдвэрүүд харуулдаг. Тэгвэл энэ удаа ямар хүнийг хотын даргаар ажиллуулах нь одоогоор тодорхойгүй байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг IKON.MN -сайтаас