Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон 76 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь гардууллаа. Улмаар УИХ-д гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.
Улмаар гишүүд тангаргаа өргөснөөр албан ёсоор УИХ-ын гишүүн болно. Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцдог байна.
УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн дараах эрхийг эдэлнэ:
Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.
Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ
7.1.1.үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;
7.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;
7.1.3.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
7.1.4.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
7.1.5.нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
7.1.6.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;
7.1.7.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;
7.1.8.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;
7.1.9.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;
7.1.10.зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;
7.1.11.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах
7.1.12.Улсын Их Хурлаас сонгогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах санал гаргах. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана;
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх
7.1.14. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;
7.1.15. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;
7.1.16. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;
7.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;
7.1.19. онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
7.1.20. төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;
7.1.21. өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох; /Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.22. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;
7.1.24. чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
7.1.25. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
7.1.26. хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.
7.1.27.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсголыг явуулах хүсэлт гаргах. /Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.2. Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.