Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан ирэх сарын 11-12-нд нийслэл, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулахаар болсон билээ.
Улсын наадамд зодоглох 512 бөхийн цахим бүртгэл зургаадугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд явагдлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн аймгуудын баяр наадамд барилдах 128 бөхийн цахим бүртгэл хийсэн байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар шийдвэрлэсэн .
Ингэхдээ бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулах аж. Мөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.