Нам, эвсэл, бие даагчдын тавьсан шаардлага, ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр СЕХ-ноос зарим тойргийн саналын хуудсанд хяналтын тооллого явуулж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор зарим нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийв.
Тэд хамтарсан мэдэгдэл хийснийг мэдээллийг үеэр ШИНЭ эвслийн дэд дарга Ц.Баттуяа уншиж танилцуулсан.
Тус мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь, хяналтын тооллогод ямар ч лацгүй, ууттай саналын хуудас тоолуулж байгаатай холбоотой гэж Ц.Баттуяа хэллээ.
Энэ нь саналын хуудсыг солих, хуурамчаар бүрдүүлэх магадлал бий болгож байна гэж тэд үзэж буй аж.
Мөн тэрбээр “Хяналтын тооллогод тухайн нам, эвсэл, бие даагчдын ажиглагчдыг тооллогод ойртуулалгүй, ажиглалт хийх боломжоор хангахгүй байна.
Түүнчлэн хэсгийн дарга нарт тоо буруу байгааг хэлэхэд, засварлах механик ажлуудыг тэмдэглэл үйлдэлгүйгээр ажиглагч нарын нүдэн дээр засаж байна.
Энэ нь ялалт байгуулсан нам хяналтын тооллогоор дамжуулан шударга бус сонгуулиа баталгаажуулах үйлдэл хийж буй гэж үзэж байна.
Иймд бусад улс төрийн хүчнүүдийн зүгээс ийм бусармаг үйлдэлд ямар нэг түвшинд ажиглагч, иргэдийг шударга бус сонгуулийн гэрч, оролцогч болохгүй байхыг мэдэгдэж байна” гэв.
Энэ үеэр Та бидний эвслийн тэргүүн Н.Энхбаяр “Мөн бид одооны СЕХ-оор юу ч шалгуулаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс СЕХ-г огцруулж, бие даагч, нам, эвслүүдийн тэгш төлөөллийг оролцуулж нэг бүрчлэн шалгах хэрэгтэй гэсэн шаардлага гаргаж байна.
Түүнчлэн шалгалтын дүн албан ёсоор гартал Ерөнхийлөгчийг УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байна” гэсэн юм.
ШИНЭ эвслээс 22 дугаар тойрогт нэр дэвшсэн Х.Батсуурь “Сонгуулийн санал авах хуудаснууд давтагдашгүй серийн дугаартай байх ёстой байсан ч санал авах хуудас ямар ч дугааргүй байсан. Энэ нь хэн ч тэр хуудсыг бөглөж оруулах нөхцөл бүрдүүлж байна.
Мөн технологийн шийдлийн хувьд маш бүдүүлгээр явсан.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн саналын мэдээллийг Excel программаар татаж авч, дэлгэц дээр гаргасан.
Сонгуулийн систем бүрэн программчлагдсан байх ёстой байсан” гэв.