УИХ-ын сонгуулийн 24 тойрог, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Сүхбаатарын Эрдэнэболд өнөөдөр (2020.06.27) 13.32 цагт өөрийн твиттер хуудастаа “Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн жиргэжээ.
Сонгуулийн үр дүнгийн дараа “Шударга сонгууль болоогүй” гэсэн гомдол гарч, энэ удаа улс төрд удсан, голдуу шуугиан тарьсан мэдэгдлээр нийтэд танигдсан улстөрчид бөөгнөрөл үүсгэн Ерөнхийлөгчид болон СЕХ-нд гомдол гаргаад байгаа билээ. Юутай ч сонгуулийн саналын хуудас, санал тооллогын автомат машины дүн хоёр эхнээсээ таарч байгааг АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэболд түрүүлэн зарлаж байна.
Улстөржөөгүй, ирээдүйгээ харья, эвлэрэх орон зайтай үлдэе гэсэн С.Эрдэнэболдын уриалга цагаа олсон байна. Түүний уриалга “Шинэ үеийн залуус асуудлыг эрүүл өнцгөөр хардаг болцгоож. Улстөрд удсан ах нар шигээ жагсаал цуглаан хийе гэхгүй, цаашлаад ард түмнээ олон нийтийг хамарсан үймээн самуунд уриалан дуудахгүй байна. Ийм залуус Монголын ирээдүй. Түрүүлж гарсан чихнээс сүүлдэж ургасан эвэр дээр” гэсэн эерэг үнэлгээг авч эхэллээ. .
Энэ сарын 24-нд явагдсан УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн гарч МАН 62, АН 11, Электорат эвсэл нэг, Та бидний эвсэл нэг, бие даагч нэг хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гараад байгаа. Санал хураалтын маргааш С.Эрдэнийн тэргүүлсэн АН, Ж.Батзандангийн тэргүүлсэн Шинэ нам, Шинэ эвсэл сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч дараалан мэдэгдэл хийсэн байгаа.
Гэвч Баасан гаригт бие даагчдын төлөөллүүд Алтан дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболдын удирдлага дор цугларч сонгуулийн дүнд эргэлзэж байгаагаа мэдэгдсэн юм. Үүний араас МАХН болон Шинэ намын удирдлага, нэр бүхий бие даагчид, АН-ын ЕНБД Ц.Баатархүү, “Буян”-гийн Жаргалсайхан нар мэдээлэл хийж Ерөнхийлөгч Х.Баттулгад “Сонгуулийн дүнг гараар тоолох” хүсэлтийг хүргүүлээд байгаа.
Өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны удирдлагуудыг хүлээн авч хяналтын тооллого хийж, иргэдийн эргэлзээг тайлах үүрэг өгсөн юм. Энэ дагуу СЕХ хяналтын тооллогыг эхлүүлж, энэ ажиллагаанд гомдол гаргаад байгаа улстөрийн намын төлөөллийг байлцуулан саналын хуудсыг тоолж эхэллээ. Бие даагч Т.Ганболд Дарханаас нэр дэвшсэн. Т.Ганболдын нэр дэвшсэн Дархан болон бусад эсэргүүцэж байгаа нэр дэвшигчдийн тойргийн саналын хуудсыг нарийвчлан тоолж, эргэлзээг тайлах ёстой гэдэг дээр СЕХ-ны гишүүд санал нэгдсэн байна.
Сонгуулийн үр дүнд эргэлзэж, бөөгнөрөл үүсгэж буй жагсаал цуглааны тэргүүн эгнээнд гарч ирдэг улстөрчдөд иргэд харин таагүй хандаж байна. Иргэд, олон нийт онлайнд ойрын өдрүүдэд насанд хүрсэн үр хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх, элдэв жагсаал цуглаан зарлавал очихгүй байхыг сануулж байна. Энэ болгоомжлол нь 10 гаруй жилийн өмнө болсон сонгуулийн дараа үүссэн аймшигт явдлаас үүдсэн гэдгээ ч мөн тайлбарлажээ.
1 comment
Тиймээ. Одоо ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ялагдсан нь алдаагаа засаж шинэчлэгдэж УИХ, ЗГ-ын үйл ажиллагаанд зөв, шударга хяналт тавих хэрэгтэй. Ингэвэл улс орон хожно. Үймээн самуунд улс орон ард иргэд хохирно.