Европын Холбоо долдугаар сарын 1-нээс эхлэн гадаад хилээ дэлхийн зарим улс орнуудын иргэдэд нээхээр бэлтгэж байна.
Тус холбоо коронавирусийн цар тахлын улмаас гуравдугаар сараас хойш хилээ хаагаад байсан юм. Өчигдөр Брюссель хотод Европын Холбооны удирдлагууд иргэд нь хилээр нэвтрэх эрхтэй болон эрхгүй орнуудын жагсаалтыг хэлэлцжээ. Гэвч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул өнөөдөр буюу Баасан гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.
EuroNews агентлагийн олж авсан мэдээллээр одоогоор дэлхийн 54 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр тохиролцоод байгаагийн нэгэнд Монгол Улс багтжээ. Харин хориглох орнуудын тоонд АНУ, Бразил, Орос, Катар багтсан нь тодорхой болсон байна.
Европын Холбооны удирдлагууд ямар шалгуураар улс орнуудыг жагсаалтад нэмэх болон хасах тал дээр санал нэгдэж чадаагүй гэнэ.
Жагсаалтыг цаашдаа хоёр долоо хоног тутамд улс орнуудын цар тахлын нөхцөл байдал дээр үндэслэн шинэчилж байх ажээ.
Эх сурвалж: Euro News