Өнгөрсөн 05 сарын 22-нд “Пакистаны олон улсын иргэний агаарын тээвэр” компанийн зорчигч тээврийн онгоц Карачийн нисэх онгоцны буудлын ойролцоо сүйрсэн билээ. Гэтэл энэ онгоцны сүйрэл нисгэгчийн алдаанаас болсон тухай Пакистаны Агаарын тээврийн яам мэдэгджээ.
Тэр дундаа 98 хүний үхэлд хүргэсэн ослын шалтгаан нь нисгэгчдийн хооронд болсон коронавирусийн тухай тэнэг ярианаас болсон гэж “New York Daily News” хэвлэлд мэдээлжээ. Тэд яриандаа хэт анхаарч, мэргэжлийн үүргээ гүйцэтгэх, стандартаа баримтлахаа мартсан байна.
Пакистаны Агаарын тээврийн сайд Гулам Сарвар Хан “Нисгэгчид нислэгийн үеэр коронавирусийн тухай ярьж байсан. Тэд анхаарлаа төвлөрүүлээгүй. Вирус гэр бүлд нь хэрхэн нөлөөлж байгааг ярьж байсан. Диспетчер тэднээс өндрөө багасгахыг хүсэхэд “Би өөрөө болгочихно” гэсэн. Энэ бол хэтэрхий өөртөө итгэлтэй байсны шинж” хэмээн мэдэгджээ. Бас диспетчер ч энэ онгоцыг газардах эхний амжилтгүй оролдлого хийхдээ гэмтсэн гэдгийг мэдэгдээгүй буруутай гэсэн байна. “Диспетчер хөдөлгүүр шатсан гэж мэдээлэх ёстой байсан” гэж сайд хэлжээ.
Airbus A320 онгоцонд 99 хүн сууж явснаас хоёр нь л амьд үлдсэн. Онгоц сүйрэх үед орон сууцан дээр унаж, гэртээ байсан хүмүүс ч өртөж, 12 настай нэг охин нас баржээ.