Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ. Энэ тухай мэдээллийг зургаадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, иргэн 18 настай, эрэгтэй М нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс ГССҮТ рүү авч явжээ.
Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.