Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт санал өгөх үеэрээ 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгааг мэдээллээ. Тэрбээр “17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү буюу 50 гаруй хувьтай байна” гэсэн юм.
Санал хураалт өнөөдрийн 22:00 цагт дуусна. Түүнээс өмнө нийт 29 тойрогт сонгогчдын ирц 50 болон түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд ирцийг хангалттайд тооцно.
Харин сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульд заажээ. Ингэхдээ эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг оролцуулах юм.
Мөн нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахаар заасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан нэмэлт санал хураалт явуулах тухай заалтуудыг танилцуулъя.
78.1. Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.
78.2. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
78.3. Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.
78.4. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
78.5. Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
78.6. Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
Эх сурвалж: IKON.MN