Энэ удаагийн сонгууль 29 тойрогтой бөгөөд тойрог тус бүр 2-3 мандаттай. Олон мандаттай, томосгосон тойргоор сонгууль явагдаж байгаа учир саналын хуудаст 10-38 нэр дэвшигчийн нэр бичигдэнэ. Сонгогч өөрийн тойрог дахь мандатын тоогоор нэр дэвшигчдээс сонголт хийж, дугуйлна гэсэн үг. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай аймаг гурван мандаттай. Тиймээс тус тойрог дахь сонгогч гурван нэр дэвшигчийн нэрийг сонгож, дугуйлах юм. Харин мандатын тоонд хүрэхгүй эсвэл илүүг дугуйлбал саналын хуудас хүчингүйд тооцогдоно.
Түүнчлэн аль нэг намаас нэр дэвшигчийг сонгохдоо үлдсэн мандатдаа заавал тухайн намаас нэр дэвшигчийг сонгох шаардлагагүй юм.