Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 23-ны Мягмар гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу байна. Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийжээ.
Үр тариа 375.1 мянган га-д тариалснаас 358.3 мянган га-д улаанбуудай, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8 мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тариалаад байна. Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэжээ.
Энэ оны 6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гаргажээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс