Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодрууллаа.
– Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Өглөөнөөс эхлээд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?
– Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дууссан. Сонгогчийн санал авах ажиллагаа маргааш өглөө Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлнэ. Баруун гурван аймагт цагийн зөрүүтэй байдаг учраас Улаанбаатарын цагаар санал авах ажиллагаа явагдана. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өглөө 09:00 цагаас эхлээд явж байна. Орой 20:00 цагт дуусна.
Хуульд заасны дагуу эрүүл мэндийн шалтгааны улмаас санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй сонгогч, урьдчилан хорих байранд түр саатуулагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авдаг.
COVID-19-ийн халдвараас сэргийлэх журмын дагуу зөөврөөр санал авах ажиллагаанд явж байгаа хүмүүс амны хаалт, бээлийтэй явах ба айлын гэрт эсвэл амралт сувиллын газар нэг удаагийн улавч өмсөж орно. Дээрээс нь сонгогчийн хүрч буй саналын хайрцаг зэргийг ариутгалын бодисоор ариутгаж явна.
– Зөөврийн хайрцгаар хэчнээн хүн саналаа өгөх вэ?
– Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ өгсөн сонгогчдын тоо эцэслэгдэж гараагүй байна. Маргааш 12:00 цагийн мэдээллийн үеэр тоог танилцуулах байх.
– Саналын хуудсыг орон нутаг болон дүүргүүдэд хүргүүлэх ажил хэдэн хувьтай явж байна вэ?
– Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүргэх ажлыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хийх хуулийн заалттай. Тэр утгаараа зургаадугаар сарын 20-ноос өмнө бүх хэсгийн хороодод хүргүүлчихээд, 20-ны өдөр төхөөрөмжүүд санал авах байрандаа асуудалгүй очсоныг шалгахын тулд өгөгдөл дамжуулах туршилтын үйл ажиллагаа явуулсан байгаа.
Саналын хуудас бол тойрог тойргоороо өөр. Сонгогч саналын хуудсаа тэмдэглэх тухай заавар саналын хуудасны дээд хэсэгт бичсэн байдаг.
– Саналаа өгөх иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
– УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгогчид юуг хориглох вэ гэж заасан байдаг.
Сонгогч хуурамч баримт бичгээр санал өгөхийг оролдох
Санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж дахин санал өгөхийг оролдох
Сонгогч саналаа тэмдэглэсэн тухай баримтжуулж зураг авах, дүрс бичлэг хийхийг хориглодог.
Эдгээр хориглосон заалтуудыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн бид сонгогчдод эрт очиж саналаа өгөөрэй гэдгийг хэлж байгаа. Учир нь хүн хоорондын зай баримтлах, олон нийтийг хэт их төвлөрүүлэхгүй байх, гараа ариутгах, бээлий өмсөх гэх мэт дэглэм баримтална. Энэ жил санал өгөхөд арай өвөрмөц болно. Гэхдээ тийм ч их хүндрэл гарахгүй байх гэж харж байна. Сонгогчдод нэр дэвшигчдээс сонголтоо хийхэд дөхөм болох үүднээс олон нийтийн газруудаар болон санал авах байрны гадна талд нэр дэвшигчдийн нэрс бүхий материалуудыг байршуулсан.
– Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөөч?
– Зөөврөөр явж байгаа хэсгийн хорооны гишүүд маршрут гаргаж явдаг. Өөрөөр хэлбэл нэг санал авах байранд байгаа ажилтнууд хоёр гурван чиглэлд тараад явсан тул одоогийн байдлаар нэгдсэн мэдээлэл ирээгүй. Хэвийн үргэлжилж байна.
– Сонгуультай холбоотой төлөвлөгдөөгүй зардлыг хэрхэн зохицуулдаг вэ?
– Болзошгүй зардал гэж батлагдсан байдаг.
– Мөн ойрын өдрүүдэд бороо ихтэй байна гэсэн. Гол гаталж саналаа өгөх хэчнээн иргэн байгаа бол. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангасан уу?
– Нийт нутгаар нэлээн их бороо хуртай байна. Одоогийн байдлаар санал авах байрыг шилжүүлж нүүлгэх зүйл гараагүй байна. Гол ус үерлэж усны түвшин нэмэгдсэнтэй холбоотой иргэд гол гаталж саналаа өгөх шаардлагатай болвол онцгой байдлынхан бэлэн байдалд ажиллаж байдаг. Өмнөх сонгуулиуд ч мөн ялгаагүй борооны улиралтай давхацдаг байсан тул алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байсан.
– Санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулах уу?
– Хуульд зааснаар дараах хоёр тохиолдолд нэмэлт санал хураалт явуулдаг.
Тойргийн мандатыг хуваарилах боломжгүй нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд
Тойргийн ирц нь 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд /Ингэхдээ эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдыг оролцуулна /
– Маргааш хэвлэлийнхэнд явцын мэдээллийг хэд хэдэн цагаас өгөх вэ?
– Ирцийн мэдээг бид 12:00, 17:00, 21:00 цагт авна. Ирсэн мэдээгээ нэгтгээд 30 орчим минутын дараа мэдээлэл хийж, ирцийн мэдээгээ зарлаад явах боломжтой. 22:00 цагаас хойш ирцийн мэдээтэйгээ хамт дэлгэцээр санал хураалтын дүнгээ харуулаад явна.
Эх сурвалж: Ikon.mn