Амралтын өдрүүдэд Төв, Говьсүмбэр аймагт үер бууж, хүний амь нас эндсэн билээ. Мөн авто зам, төмөр замын хэсэг газар эвдэрч сүйдсэн байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээллээс хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар нэлээд халсан. Агаарын температур халдаг газруудаар +39 хэмд хүрсэн. Халалтын дараа аянга цахилгаантай, усархаг бороо орох нөхцөл бүрдчихдэг. Энэ утгаараа бүх нутгаар усархаг бороо орохыг анхааруулсан.
Өнөө шөнө, маргааш төвийн аймагт усархаг бороо орно. Өнөөдөр баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хоёд хэсэг, зүүн аймгуудын ихэнх, говийн нутгийн зүүн хэсэгт бороо орно. Харин зургаадугаар сарын 23-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Зургаадугаар сарын 24-нд буюу сонгуулийн санал хураах өдөр баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зүүн хэсэг, говийн нутгийн ихэнх газраар бороо орно” гэлээ.
Нөөлөг салхи бол хүчтэй борооны өмнө байнга ажиглагддаг аж. Саяхан Булган, Төв аймгийн нутгаар салхилсан байна. Хүчтэй шороон хана босох үзэгдлийг нөөлөг салхи гэдэг аж.