76 жилийн түүхтэй Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын санг шинэчлэн засварлах ажил эхэллээ. Төв аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.
Тодруулбал, 2019 оны наймдугаар сард аймгийн удирдлагууд БНСУ-ын Пёнтак хотод зочилж хотын захирагч Жан Чан Сунтай уулзах үеэр аймгийн номын санг шинэчлэн засварлах талаар хэлэлцэн гэрээ байгуулжээ.
Аймгийн нийтийн номын сан нь анх 1944 онд байгуулагдаж байсан түүхтэй. 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орсон юм. Сан хөмрөгтөө 34 мянган номтой, жилд дунджаар 4000 орчим байнгын уншигчид хүрч үйлчилдэг байна.
Ийнхүү шинэ номын сантай болсноор нэг ээлжиндээ 160 уншигч, үйлчлүүлэгч хүлээн авч, хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гурван уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой болох юм. Аймгийн нийтийн номын сангийн барилгын ажлыг “Нумт өргөө” ХХК гүйцэтгэн, шинэ барилгыг ирэх наймдугаар сард ашиглалтад хүлээн өгөхөөр болжээ.