Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй билээ.
Орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпийн өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлдэг.
Олимпийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хорооноос /МҮОХ/ төрийн байгууллагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпийн зөвлөлтэй хамтран олон нийт хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн тус баярт өдрийг “Идэвхтэй, хүчтэй, эрүүл байя” уриан дор цахим хэлбэрээр тэмдэглэх гэж байна. МҮОХ-ноос энэ өдөр олимпийн медальт тамирчидтай уулзах уулзалт, олимпийн боловсрол хичээл зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.