Дархан-Уул аймагт нэр дэвшигч Г.Дамдиннямаас “2020 ОНЫ СОНГУУЛЬ – 20 АСУУЛТ, 20 ХАРИУЛТ” блиц ярилцлага авлаа.
- Өдөр болгон сонгуулийн уулзалтуудтай байна уу? Өглөө ер нь хэдэн цагт босч байна?
- Өглөө голцуу 6.00-д босч байгаа. Амжуулаад “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 30 минут ч болов гүйчихийг хичээж байна. Манай Дархан гүйхэд тохиромжтой, ногоон байгууламж ихтэй газар шүү дээ. Тэгээд л өглөөний цай, уулзалтууд гээд эхэлдэг дээ.
- Өдөрт ер нь дунджаар хэдэн хүнтэй уулзаж байх шиг байна?
- 500 дөхдөг байх шүү… Өдөрт доод тал нь 5-6 уулзалттай явж байгаа.
- Гадуур уулзалтад явсаар байгаад царай чинь нэлээн борлосон байна. Шүд чинь бүр ялгарч харагдаад байна. “Холливуд смайл” хийлгэчихээгүй биз?
- Үгүй дээ (инээв). Манай аав, аавын талынхан их яс сайтай, цагаан шүдтэй хүмүүс байдаг. Тэрнээс нь дуурайсан л байх.
- Өөрийгөө ганцхан өгүүлбэрээр тодорхойлбол?
- Дарханаа хөгжүүлэх хүсэлтэй Дамдинням гэж залуу байна даа (инээв).
- Хүмүүс нутаг нутаг гээд байдаг, гэтэл тэр нутагтаа төрснөөс цаашгүй байдаг юм байна лээ. Та Дархандаа яг амьдардаг уу?
- Би Дарханд төрсөн, өссөн, 10-р ангиа төгссөн. Мэдлэг боловсрол эзэмшиж, ажлын туршлага хуримтлуулж, ахуй амьдралаа цэгцэлсээр яваад одоо бусдын төлөө ажиллах цаг минь боллоо гэсэн үедээ ирж байна даа. Дарханд ээж маань, төрсөн ах, хамаатан садангууд маань амьдарч байна. Байнга л ирэн очин байдаг даа.
- Аав ээж тань хэзээнээс Дарханд амьдарсан юм бэ?
- Дархан хотын бүтээн байгуулалт ид эхэлж байсан 1960-аад оны эхээр аав ээж 2 маань нүүж ирж, суурьшсан байдаг. Аав маань Увсын Өндөрхангайнх, ээж маань Ховдынх. Дарханы айл болоод нэгэн жаран өнгөрчээ.
- Гэр бүлээ танилцуулаач?
- Миний эхнэрийг Цахилгааны Уянга гэдэг. Манайх 6 хүүхэдтэй өнөр өтгөн айл байдаг даа.
Хөөх, 6 хүүхэдтэй?
- Яасан? Алдарт эцэг байж болно биз дээ? (инээв)
- Яагаад заавал улс төрд орох гээд байгаа юм бэ?
- “Тэнэгүүд улс төрд ордог гэж шоолоод суугаад байвал та ч өөрөө адилхан” гэж нэг үг байдаг юм билээ. Улс төр надад хамаагүй гэж бусдад даатгаад байж болохгүй юм байна гэдгийг монголчууд бүгдээрээ л ойлгож эхэлсэн. Ялангуяа амьдрал ахуйгаа цэгцэлчихсэн, боловсрол мэдлэгээ базаачихсан, ид хийж бүтээх насны хүмүүс нь зүгээр суугаад байж болохгүй байна. Үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчийг бодсон ч, улс орноо бодсон ч мэдсэн сурсныхаа хэргийг одоо гаргахгүй юм бол хэн бидэнд шийдээд өгнө, хийгээд өгнө гэж хүлээж суух вэ?
- Та боловсролын хувьд өөрийгөө хангалттай гэж хэлж чадах уу?
- Ямар ч юм бүрэн хангалттай хэмжээнд хүрнэ гэж байдаггүй байх. МУБИС-д эрхзүйч, нийгмийн ажилтнаар төгсөөд, улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь Канадын Бритиш Колумбын Их Сургуульд уул уурхайн бодлого, засаглал судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо үргэлжлүүлээд докторын судалгааны ажил хийж байгаа.
- Таны жин, өндөр?
- Өндөр 180 см, жин 80 кг.
- Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн 3 гол ажлаа нэрлэбэл?
- ШУТИС-ийн проректор байхдаа олон жил шийдэгдээгүй явсан, багш ажиллагсдын нийгмийн асуудлыг “барьж” авч, багш нарын 180 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн.
- БСШУ-ны сайдын зөвлөх байхдаа олон улсын Кэмбрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх ажлыг гардан хариуцаж, уг хөтөлбөрийг улсын 3 сургуульд “нутагшуулахад” гол үүрэгтэй ажилласан.
- Уул уурхайн бодлого, засаглал ямар байх ёстой, ард иргэдэд өгөөжөө яаж өгөх ёстой талаар нилээн судалсан, одоо докторын ажил хийж байгаа. Хариуцлагатай уул уурхайг Монголд бий болгох тал дээр хичээж ажиллаж байна.
- Дархан хотод байгаа хамгийн том боломж юу вэ, Таны хувьд?
- Аж үйлдвэрлэлийн суурь бааз, байгаль цаг уурын таатай нөхцөл, дэд бүтцийн хөгжил, залуу боловсон хүчний нөөц, бас интернэт урсгалын гол зангилаа дайрч өнгөрч байна. Эдгээрийг би маш том боломж гэж харж байгаа.
- Харин сул тал нь гэвэл?
- Ер нь сул талаа даваад өнгөрөөчихсөн. Түрүүн хэлсэнчлэн, байгаль, газарзүй, дэд бүтцийн бүх өгөгдөл нь бүрдсэн газар шүү дээ. Сэлэнгэ аймгийн дунд байрладаг болохоор газар нутаг, засаг захиргааны чанартай зарим маргаан байдаг байх. Гэхдээ тэр бол шийдэж болох асуудал.
- Тэгвэл таны өөрийн чинь хамгийн том давуу тал?
- Өөрийгөө давуу мундаг гэж тодорхойлох хэцүү юм байна…. Бодоод байхад би тоолшгүй олон найз нөхөдтэй хүн юм байна. За гэвэл “ёо”-гүй байхыг хичээдэг, “олонтой явж байгаарай, эрдэм номтой хүн болоорой” гэсэн аавынхаа захиасыг л их бодож явдаг даа.
- Тэгвэл таны сул тал?
- Бодсон санаснаа их шулуун ярьчихдаг, нүүрэмгий нь хэтэрчих гээд байдаг тал байж мэднэ (инээв).
- Багад чинь таныг юу гэж хочилдог байсан бэ?
- Айлын бага хүүхэд чинь их олон хочтой байдаг шүү дээ (инээв). Яг тогтоод үлдсэн хоч санаанд орохгүй байна.
- Таны үнэт зүйл?
- Эрхэмлэх нэр, эзэмшсэн боловсрол, өөрт төдийгүй өрөөлд хэрэгтэй зүйл хийе гэсэн итгэл үнэмшил маань юм уу даа.
- Хэрвээ сонгогдвол ажлын эхний өдрөө ямар ажлаас эхлэх вэ?
- УИХ–ын гишүүний гол ажил хууль тогтоох. Маш их уншиж судална, хуулийн төсөл, тогтоол, журам, шийдвэрүүд дээр ажиллах ёстой. Ёстой л юу сурсан, мэдсэнээ гаргах ёстой. Дархан-Уул аймаг маань Үндсэн хуулийн саяын өөрчлөлтөөр хотын статусаа эргэж олж авсан. Дархан хот маань өөрөө бие дааж хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох маш их боломжийг нээж байгаа гэсэн үг. Үүнийг дагасан дүрэм, журам, бодлогуудад өөрчлөлт тусгуулах ажил руу л хамгийн түрүүнд орно доо.
- Таны шийдвэр гаргахдаа барьдаг гол зарчим юу вэ?
- Судлаач хүний хувьд мэдээллүүдийг хурдан хугацаанд олж авах, боловсруулах, аль болох олон талын байр суурийг сонсох, судалж харьцуулж байгаад аль аль талд ашигтай (“win win” гэж ярьдаг даа) шийдлийг олж, хэрэгжүүлэхийг хичээдэг. Ер нь нэг талыг барьсан шийдвэрээс хүн зайлсхийх ёстой.
- Хүмүүс таныг сонгох ёстой ганцхан шалтгаан хэлэхгүй юу?
- Улс төрд ороод юу хийхээ мэдэхгүй цаг алдана гэхгүй, бэлтгэгдсэн хүн гэж хэлж болох байх аа. Үндсэндээ би өөрийгөө 20 жил бэлдсэн байна: мэдлэг боловсролоо дээшлүүлсэн, ахуй амьдралаа цэгцэлсэн, ажлын дадлага туршлага хуримтлуулсан. Авлига, албан тушаалын хэрэг, элдэв бусын зүйлсийн аль алинаас хол, нэрээ цэвэр авч явж ирэхийг хичээлээ.
За баярлалаа. Амжилт хүсье.
Нэр дэвшигч Г.Дамдиннямын сонгуулийн штаб