УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад 1 хоног үлдээд байна. Өнгөрсөн 3-4 хоногт нэр дэвшигчдийн эсрэг хийгдэж байгаа гүтгэлэгүүд хурдтай түгж, цахим орчинд цацагдаж байна. Гүтгэлүүдийн хажуугаар нэр дэвшигчдийг дарамталж мөнгө нэхсэн тохиолдол ч гарчээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшсэн ГХЯ-ны дэд сайд Батмөнхийн Батцэцэгийг нэгэн телевизийн нэвтрүүлэгч утсаар дарамталж, эвлүүлж, дүрсжүүлсэн цуврал видеог сурталчилгааны хугацаа дуусахтай зэрэгцүүлэн цахим ертөнцөөр цацаж, сонгогчдод нөлөөлнө гэсэн байна. Хэрвээ үүнийг гаргахгүй гэж байгаа бол мөнгө өг хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.
Нэр дэвшигч Б.Батцэцэг сонгуулийн үеэр цацагдсан зарим гүтгэлэгийн эздийг тогтоохоор хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд эхнээсээ хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Харин ТВ-ийн нэвтрүүлэгчийн видео эвлүүлгийн талаар нэр дэвшигч Б.Батцэцэгтэй холбогдон тодруулахад “Ийм явдал болоод байна. Залуу хүний гэнэн сэтгэлээр явуургүй хялбар аргаар мөнгө олох гэсэн болчимгүй үйлдэл нь насан туршдаа харамсаад ч баршгүй үр дагавар авчрах вий” гэж насаар арай илүү хүний хувьд зөвлөөд орхилоо. Энэ удаа бол нэрийг нь нууцлаад өнгөрсөн нь зөв байх. Ер нь сонгуулийн санал хураах хугацаа ойртох тусам нэр дэвшигчийн үйл хэргийг харлуулах, гутаан доромжлох, иргэдийн саналд нөлөөлөх зорилгоор элдэв гүтгэлэг, эвлүүлэг, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тул сонгогчид та бүхнийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэлээ.