Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд өнөөдөр батламжийг нь гардуулж байна. Дөнгөж сая Ардчилсан нам батламжаа авлаа.
Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сая сонгуульд оролцох эрх бүхий батламжаа гардан авлаа. Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ гаргахаас гадна Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулан баталгаажуулж авсан. Бид энэ жилийн сонгуульд оролцохдоо “Монгол өрх-Хөгжлийн бодлого” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан орж байна.
Өрхийг дэмжих өсөлтийн бодлого бол манай мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа, зорилго байна. Аливаа төрийн үндэс нь өрх, гэр бүл байдаг. Тэгэхээр монгол өрхийн чинээлэг байх, өрхөд буй иргэдийн хангалуун амьдрал, эрх, эрх чөлөө, ажлын байраас авахуулаад амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л асуудалд Ардчилсан нам гол анхаарлаа чиглүүлж ажиллах болно.
Сонгуульд улс төрийн бусад намтай хамт шударга ёсны зарчимд суурилж оролцоно. Мэдээж эрх баригч намын хууль бус үйлдлүүд гарна. Одоо ч гарч байна. Гэхдээ Ардчилсан нам сонгуулийн тухай хуулийн зүйл, заалт бүрийг ягштал мөрдөж, 2020 оны оны сонгуульд амжилттай оролцож чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна. Нийт сонгогчиддоо сайн сайхныг хүсье. Ардчилсан нам, намын мөрийг хөтөлбөрийг дэмжиж саналаа өгөхийг иргэддээ уриалж байна” хэмээлээ.
Сонгуульд оролцох батламжаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, С.Одонтуяа нар гардан авлаа.