АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарын хууль бус үйлдлүүдээс болж төрдөө тангараг өргөж, мөрдэс зүүсэн алба хаагчид шүүгдэгчийн ширээнд суусан тохиолдол бий. 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааны гол зохион байгуулагч О.Магнай, Ж.Батзандан тэргүүтний үүсгэсэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас таван хүний амь үрэгдэж, олон хүн шүүхээр ял шийтгүүлж, жирийн иргэд төдийгүй албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн олон ажилтан эрүүл мэндээрээ хохирсныг ард түмэн мартаагүй.
Эцэстээ эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үүрэг хүлээсэн цагдаагийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудыг хүний амь бүрэлгэсэн гэх үндэслэлээр, хангалттай баримт нотолгоогүйгээр ялласан билээ. Төрдөө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлсэн цагдаагийн алба хаагчид ийнхүү О.Магнай тэргүүтний хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн ширээнд суусан юм.
Уг нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж, таван хүний амь хохирсон үйлдэлд тэр үеийн Иргэний хөдөлгөөний намын дэд дарга О.Магнай нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан зандалчлах гэсэн үндэслэлээр ял сонсгон УМБГ-т байцааж байсан билээ.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги буюу тухайн үеийн Ганц худагт цагдан хорьсон бөгөөд суллагдахдаа эцэж, туран хүнээр түшүүлэн явж байсныг УМБГ-ын үүдэнд цугласан хэвлэл мэдээллийн байгууллагын олон ажилтан харж байлаа. Хэрэв О.Магнай нарт үүсгэсэн “Зандалчлах” гэсэн зүйл заалтыг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болгоогүй, тухайн зүйл ангид зааснаар яллан шүүхээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэсэн бол 20-25 жил хорих юм уу, цаазаар авах ялаар шийтгүүлэх байсан юм.
НШШГГ-ын даргаар ажиллаж байсан хүн О.Магнайгаас болж яллагдагчаар татагджээ
Тэгвэл өдгөө О.Магнайгийн өдүүлсэн хууль бус үйлдлээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид шүүгдэгчийн ширээнд суух болоод байна. Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусан, НПГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр НШШГГ-ын дарга, хурандаа Б.Цогжаргал нарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг үндэслэн яллагдагчаар тооцон шалгасан юм байна.
Үүнд нь АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгаас ч тайлбар, мэдүүлэг авсан аж. Чухам юу гэж мэдүүлсэн, түүнийг яллагдагчаар татах, эсэхийг хууль сахиулах байгууллагынхан ихэд нууцалж буй.
Гэвч шүүхэд шилжүүлэх болоход хэн нэгний нөлөө орж, яллагдагч дөрвөн хүн ч шат шатны прокуроруудад гомдол гаргасаар буй гэнэ. Энэ нь магадгүй УИХ-ын сонгуулийг дуустал О.Магнай нартай холбоотой асуудлыг дэвэргэхгүй байх үүрэг яллагдагч нар авснаас болсон бололтой. Тиймээс хугацаа хожих гэж шүүхэд шилжүүлэх ажиллагааг хойш татсаар байна. Хурандаа Б.Цогжаргалын хувьд өнгөрсөн онд НШШГГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөд өдгөө ШШГЕГ-таа хэлтэс, тасгийн даргаар ажиллаж байгаа сурагтай.
Дээрх дөрвөн хүн чухам ямар хэрэгт холбогдсон бэ гэдэг нь бас анхаарал татна. Энэ нь О.Магнайд холбогдох залилан, луйврын үйлдэлтэй холбоотой аж. Хэвлэлээр О.Магнай Ливан улсын иргэнийг луйвардсан хэмээн бичиж байгаа. Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барилгыг зарсан газрынхаа төлбөрт хэмээн дээр дурдсан НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай нийлэн 724 сая төгрөгөөр үнэлүүлэн авсан байдаг.
Үүнийгээ О.Магнай надад хамаагүй, ээжийн эзэмшлийн компанийнх хэмээн тайлбарласан нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Шийдвэр гүйцэтгэгч нар 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Синдарс партнерс” ХХК-ийн мэдэлж байсан Баянгол дүүргийн нутаг дахь 11 давхар обьектыг хураан авч 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн эзэмшлийн “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн нь бусдын эд хөрөнгийг хууль зөрчин авсан гэж үзэх үндэслэлтэй байсан учраас ийнхүү хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцож, улмаар шүүхийн хаалга татахад хүргэж байна.
Г.РАВЖАА