Хан-Уул дүүрэг, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяртай А.Миеэгомбо ярилцжээ.

Хөтлөгч А.Миеэгомбо: Чадраабал гэдэг хүн, аав тань ямар үг сургааль хэлдэг байв?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Аав маань жолооч хүн байсан. Намайг машинд ойртуулдаггүй. Миний хүү чиний явах зам бол ном эрдэм шүү. Ном эрдэм хөөх ёстой гэж захьж сургадаг байсан.

Хөтлөгч А.Миеэгомбо: Бага байхад тань хэлж сургасан олон сургааль байгаа байх?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Бусдын чамд хүргэсэн тусыг хэзээ ч битгий март. Харин өөрийнхөө бусдад хүргэсэн тусыг март гэж хэлдэг байсан.

Хөтлөгч А.Миеэгомбо: Одоо дөрвөн хүүхдийн аав болсны дараа эцэг хүний үүргийг арай өөр өнцгөөс хардаг болсон байх?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Манайх гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд гэдэг сахилгагүй талдаа байдаг. Хүүхдүүдээсээ өөрийгөө олж хардаг. Хүүхэд гэдэг өөрийн тусгал байдаг юм билээ.

Хөтлөгч А.Миеэгомбо: Одоо танай хүүхдүүд Танаас хэр үлгэр дууриалал авч байна?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Хүүхдийн хүмүүжил нүд чихээрээ гэдэг. Би гэртээ номын сандаа ном бичгийн ажлаа бичээд суухаар хүүхдүүд маань дагаад хичээлээ хийх нь бий. Чи тэг, ингэ гэж үглэж яншихдаа биш. Заавал онц сурах ёстой гэж шахахдаа ч биш. Өөрөө л ном эрдэмд дурлаж бүтээлч байх юм бол хүүхэд нүдээрээ харж, үлгэр дууриалал авч даган дууриадаг байх гэж боддог.

Урлагийн хүний хүүхэд урлагийн хүн болох ёстой. Эсвэл инженерийн хүүхэд инженер болох ёстой гээд хэтэрхий шахаад байдаг.

Хөтлөгч А.Миеэгомбо: Та хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлье гэх юм бол хуульч болоосой гэж хүсэх үү?

Чадраабалын ӨНӨРБАЯР: –Өөрсдийнх нь хүслээр л явна. Дургүйд хүчгүй гэж үг бий. Дургүй зүйл рүү нь хүүхдээ хүчлээд оруулчихвал би өөрөө харин хүүхдийнхээ ирээдүйг баллаж байгаа хэрэг. Хүүхдэд өөрийнхөө ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох эрх нь байгаа. Үүнийг бид нар хүндэтгэн үзэх ёстой. Би өөрөө хуульч мэргэжил эзэмшихэд дур сонирхолтой байсан учраас өдий хүрсэн. Дургүйд хүчгүй гэдэг бол их утга агуулгатай үг. Насан туршдаа хүүхдийнхээ хажууд дагаж явахгүйгээс хойш хүүхдэдээ ямар мэргэжилтэй хэн болохыг нь заана гэдэг утга учиргүй зүйл. Харин дотор байгаа авьяас билэгийг нь илүү дэмждэг, хөгжүүлдэг л байх ёстой.

Хөтлөгч А.Миеэгомбо: Таны эрдэм боловсролын тухай асууя?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Би Арвайхээрийн арван жилийн хоёрдугаар сургуулийг төгссөн. Одоо “Соёмбо” цогцолбор нэртэй болчихсон байна уу даа. Шихихутуг Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрийн зэрэг хамгаалж, дундуур нь Шотландын Эдинбург их сургуульд суралцсан.  Сурахынхаа хажуугаар ажиллаж байлаа. Дараа нь 2014 онд  Хууль зүйн ухаанаар  докторын зэргийг МУИС- даа хамгаалсан. Би доктор болчихлоо,  би мундаг болчихлоо, надад суралцах шаардлага  байхгүй гэж бодох л юм бол болохгүй. Тэгж бодох аваас хүн зэврээд эхэлдэг. Ер нь цаг ямагт л суралцах ёстой. Заавал эрдэм мэдлэгтэй хүнээс суралцахдаа гол нь биш. Хүн бүрээс суралцах зүйл байдаг. Хүн хүнтэй харилцах харилцаан дээр илүү хөгждөг. Зөвхан ном сонин шагайснаараа гайхалтай хүн болдоггүй гэж би боддог.

Хөтлөгч А.Миеэгомбо: Багшаас хойш сургалт судалгааны газар ажиллаж байлаа. Үүнээс хойш Та хаана ажиллаж байв?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Төрд ажилласан. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд орж ажилласан. Тэнд ахлах рефрентээр орж, дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх ажилд оролцсон. Газар хөдлөлтийн гамшигийг бууруулах нийслэл хотын орон сууцнуудыг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэртэй үлдэх вэ гэдэг үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байсан. Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх ажилд гар бие оролцсон. Дараа нь Авилгатай тэмцэх газар ажиллаж байсан.

Хөтлөгч А.Миеэгомбо: Өөрийг чинь ер нь АТГ-т ажилладаг байсан гэдгээр нь хүмүүс сайн мэдээд байдаг шүү дээ?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Авлигатай тэмцэх газрын Тамгын даргын албан тушаал өөрөө захиргааны ажилтан учраас хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэд олон нийт авахыг хүснэ шүү дээ.  Ардчилсан нийгэм юм чинь.  Тэр утгаараа манайд хэвлэлийн төлөөлөгч байхгүй учир Тамгын газрын даргын хувьд тухайн үед олон нийтэд  хандаж мэдээлэл хийдэг байсан л даа. Тэр үед магадгүй хэвлэлээр дамжаад хүмүүст илүү танигдсан байх л даа. Тэнд ажиллаж  байхдаа хууль зарчмаа барьж ажилласан. Монголын төрд нэг л том дарга байгаа тэр нь хууль. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан ч сайд байсан ч хуульд захирагддаг л байх ёстой. Монголд байгаа хамгийн том дарга болвол төрийн гурван өндөрлөг гэж яриад байгааг ойлгохгүй байгаа юм. Энэ биш л дээ. Монголд нэг л дарга байгаа тэр бол хууль. Гэхдээ хууль нь асуудалтай бол эргэлзээтэй шүү. Засах ёстой. Яагаад гэхээр хуулийг хэн гаргадаг вэ гэхээр энэ улстөрчид гаргадаг, баталдаг. Баталсан хууль нь шударга бус, но-той, асуудалтай  байх юм бол хуульчлагдсан тонуул гэсэн ойлголт үүснэ. Хууль гаргаад иргэдийнхээ өмчийг хураагаад авдаг, татвараар бизнес эрхлэгчдийг дарамталдаг, Зөрчлийн хуулиар иргэдээ торгоод шийтгээд байдаг. Ингээд эхлэхээрээ хууль өөрөө дарангуйлал, тонуулын хэрэгсэл болон хувирч байгаа хэрэг. Тиймээс УИХ-д сууж хууль тогтоол гаргаж байгаа хүмүүсээс олон зүйл хамаарч байгаа юм.  Ийм бүтэхгүй хуулиуд гаргаад түүнийг нь төрийн албан хаагчид хэрэгжүүлээд эхлэхээр иргэн төртэйгөө муудалцдаг, сэтгүүлч нь цагдаатайгаа муудалцдаг хууль гарах гээд байгаа юм. Одоо бид бие биенээ гүтгэдэг, харлуулдаг муулдаг энэ зүйлээ больмоор байна. Ялангуяа манай тойрогт маш олон шинэ залуучууд нэр дэвшиж байна. Боловсролтой, эрдэмтэй, чадалтай. Би хэнийг нь ч хэн гэж ялгахгүй. Өөр намаас, бие даагчид ч нэр дэвшсэн байж болно. Тэр хамаагүй. Бүгд л зүрх сэтгэлдээ Монгол Улсынхаа ирээдүйн төлөө зөв үнэнч сэтгэл тээж байгаа гэдэгт би итгэж байгаа. Тэр утгаараа одоо энэ цаг үеэс бохир, бие биенээ үндэслэлгүй харлуулдаг энэ хөгийн улс төрд цэг тавьчихмаар байгаа юм. Дараа үедээ бид дахиад муу муухайг үлгэрлэмээргүй байна. Түрүүн хоёулаа хүүхдийн хүмүүжлийн талаар  ярилцсан. Дараа үедээ бид нар яагаад ийм буруу юмыг өвлүүлэх гээд байгаа юм бэ. Буруу юм харуулах гээд байгаа юм. Хүчирхийлэл харж өссөн хүүхэд хүчирхийлэл үйлддэг  л хүн болно. Өнөөдөр Монголын маш олон залуус дэлхийн нэр хүндтэй сургуульд суралцаж, ажиллаж амьдарч байна. Монголоо тэндээс хараад бид хаана алдсан байна, цаашид яамаар байна гэдгээ эргэж ирээд олж харж байна шүү дээ. Энэ өөрөө асар том ололт, Монголын ардчиллын тэлэлт. Үнэхээр Монголын залуус оюунлаг хүчирхэг болж чадах юм бол тэрбум 300 сая хүнтэй Хятад байна уу , 300 сая хүнтэй Америк байна уу, гурван сая хүнтэй Монгол байна уу гэдэг нь одоо сонин биш болчихож. Хүний тоогоор асуудал шийддэг биш харин чадалтай, боловсролтой, хүчирхэг, дэлхийн хүн хэн бүтээж байна гэдгээрээ улс үндэстнүүдийн хөгжил, өрсөлдөөн хэмжигддэг тийм үе ойрхон байгаа л гэж харж байна.

Хөтлөгч А.Миеэгомбо: Та шавь нараа тоолж үзсэн үү. Ойролцоогоор хичнээн шавьтай вэ?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Тоолж үзээгүй юм байна шүү. Жилдээ нэг өдрийн ангид 100 гаруй оюутан, тэгээд их, дээд эчнээ 100 гаруй  оюутан гээд бодохоор жилдээ 200 оюутан. 16 жил ажилласан гэхээр бас тоо гарах байх. Гэгээрсэн мөртлөө гэрэлтэхгүй юм бол чи гэгээнтэн байгаад яах юм гэсэн үг байдаг. Энэ үгийн санаа бол чи өөрийнхөө уншсан мэдсэн, сурсан сонссоноо бусадтай хуваалцаж, түгээж байх ёстой юм гэсэн санаа. Алтан толгойтой, мөнгөн цээжтэй хорвоод хосгүй амьтан юмаа гээд суугаад байвал тэр эрдэм мэдлэг, ном уншсан, бусдаас  сайн сайхан зүйл сурсаны хэрэг юу байгаа юм. Тэр утгаараа өөрийнхөө олж мэдсэн зүйлийг чадлынхаа хэрээр бусадтай, шавь нартайгаа сэтгэл харамгүй  хуваалцах юм сан гэсэн сэтгэл тээдэг. Үүнийг маань зарим шавь нар маань ч мэддэг байх.

Хөтлөгч А.Миеэгомбо: Одоо эргээд харж байхад манай үеийнхэн арван жилдээ ч, их сургуульдаа ч сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан байгаа юм. Өөрөө өөрийгөө авч явахын төлөө тэмцдэг байсан. Энэ тал дээр туршлагууд байна уу. Ямар ажил хийж байв?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Миний ээж хүнсний технологич мэргэжилтэй. Хүнсний үйлдвэрийн чиглэлийн хүн. Хууль зүйн сургуульд сурч байхдаа зуныхаа амралтаар мөнгө олохын тулд аравдугаар хорооололд тортны цех, нарийн боовны хүнсний үйлдвэрт шарагчийн ажил хийдэг байсан. Дандаа охидуудтай цуг ажиллана. Хүнсний үйлдвэрт ихэвчлэн эмэгтэйчүүд ажиллана. Багш болсоны  дараа зуныхаа амралтаар олон улсын төслүүд дээр ажилласан. Энэ үеэр олон төрийн бус байгууллагын тэргүүлэгч нартай танилцсан. Европын холбооны төсөл, НҮБ-ын төсөл олон улсын төслүүдэд зөвлөх үйлчилгээн дээр нь ажилладаг байлаа. Монголын хуулийн төслүүдийг сайжруулах төслүүд дээр ажиллаж байлаа. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан гэх мэт олон ажил хийж байсан нь миний ертөнцийг тэлсэн. Зөвхөн хууль зүйн салбарынхан биш өөр салбарынхан тэр дундаа төрийн бус байгууллагууд Монголын иргэний нийгмийг авч явж байгаа чухал хүмүүстэй танилцаж нөхөрлөсөн. Тэр дундаас маш олон найзтай болсон.

Хөтлөгч А.Миеэгомбо: Эргээд харахаар хүмүүс амжилттай яваа хүмүүсийг зүгээр сайхан ногоон гэрлээр шулуун дардан замаар яваад энд хүрээд ирсэн мэт боддог. Гэтэл энэ бүхний цаана асар их хичээл зүтгэл, золиос асуудлууд, уналттай үе байдаг. Тэгэхээр амьдрал дээр уналттай үеүүд тохиолдож л байсан байх?

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Уг нь хууль зүйн сургуулиа төгсчихөөд л гараад  өгнө л дөө гэж бодсон л доо. Тэгсэн чинь ажил олддоггүй ээ. Олон газар өргөдөл өгсөн. Олддоггүй ээ. Энэ үед хямарсан шүү. Би яах гэж дөрвөн жил сургуульд сурсан юм. Сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд хэцүү үе маань бол өнчрөл хагацлыг үзэх. Би аав ээжээсээ тавуулаа. Гурван эрэгтэй дүүтэй. Хамгийн бага маань эмэгтэй. Хууль зүйн сургуульд оюутан байх үедээ тэрсхэн хоёр эрэгтэй дүү нараа жилийн зайтай алдаад түүнээс хойш гурван жилийн дараа аавыгаа алдаж байсан үе. Тэр үе миний амьдралд тохиосон хамгийн хэцүү үе санагддаг. Ээжийгээ тухайн үед маш их өрөвдөж байсан. Хоёр хүүхдээ алдаж, ханийгаа алдана гэдэг бол эмэгтэй хүний хувьд маш хүнд. Би хүний амьдралд тохиолддог зовлонг гадарлана аа. Зовсон, ядарсан хүмүүсийн асуудлыг хараад зүрхэндээ хүн харах ёстой юм байна гэж боддог. Өнгөрсөн жил миний өөрийн нэрэмжит олгогддог тэтгэлэг зарлагдахад Өвөрхангай аймгийн Хархорин сумын насаараа агрономич хийсэн олон хүүхэдтэй хүний сурлага сайтай хүүхэд шалгарч, суралцахад нь туслан сургалтын төлбөр дээр дэмжлэг үзүүлсэн. Олон ам бүлийг тэжээж авч яваа айлд оюутан хүүхдийн төлбөр төлнө гэдэг хэцүү. Нэг ч болов хүүхдэд туслахсан. Эрдэм чадалтай хүн болох юм болоод эргээд олон хүмүүст тус хүргэнэ гэж боддог. Энэ бол миний амьдралаас авсан ухаарал. Зовлон хүнийг хат суулгадаг. Сэтгэлийн хат суулгаж, чөмөг суулгадаг. Шүүмжлэл дайралт нэг талаараа илүү эрчилдэг хурцалдаг. Би зөв шүүмж хэлж байгаа хүмүүст харин ч баярладаг. Өөрийнхөө алдааг олж харах боломжийг надад олгодог. Гэхдээ зөв цаг үед хэлсэн магтаалын үгэнд ч бас би талархдаг. Яагаад гэхээр надад цаашид ихийг бүтээх урам зоригийг өгдөг.

Ярилцсан А.Миеэгомбо

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн