Ардчиллын жилүүдэд Монголоос ганцаараа төрсөн Монгол улсын баатар бол Э.Бат-Үүл. Гэхдээ тэр үнэхээр баатрын гавьяа байгуулаад баатар болсон уу? Түүнд “Монгол улсын баатар цол” олгох зарлигийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа буюу 2009 оны сүүлээр гаргасан байдаг. Ц.Элбэгдорж ардчилалд хайртайдаа бус,ардчиллын дууч шувуу нь Э.Бат-Үүл байсандаа биш юм. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас уг нь Э.Бат-Үүл нэр дэвшихээр бэлтгэгдэж байв.
Тус намынхан ерөнхийдөө Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсон байсан ч ганцхан шөнийн дотор байдал өөрөөр эргэж, Ц.Элбэгдорж нэр дэвшээд Ерөнхийлөгч болсон юм. Тэр нэр дэвшүүлэлтийн үеэр Э.Бат-Үүл “Би бархирмаар байна” гэж хэлсэн нь тэр үеийн хэвлэл мэдээллийн хуудсанд тодоос тод үлджээ. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа “бархируулсан” найзынхаа гомдлыг тайлах нэгэн мэргэн арга сэдсэн нь “Э.Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэсэн зарлиг байв. Ингэж АН-ынхны эрх мэдлийн тулаан дундаас Монгол Улсын ардчиллын түүхэнд анхны бөгөөд цорын ганц Улсын баатар тодорсон юм. Эндээс мөн Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын нам дамнасан МАНАН бүлэглэлд зуузай холбох зам шуударчээ.
Э.Бат-Үүл Улсын баатар болсноос хойш даруй 11 жил улирч, энэ хугацаанд тэрээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж, дараа нь дөрвөн жил хуулийн байгууллагаар шалгагдаж, улмаар “яллагдагч” хэмээх цол гуншинтайгаар нэр дэвшин өрсөлдөж байна. Гэхдээ тэр энэ удаа яг юуны төлөө яах гэж УИХ-д орох гээд байна вэ? Саяхан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нэгэн буйдхан цайны газар “МАК”-ийн эзэн Б.Нямтайширтай уулзаж хоёр цаг тухлаад өндөр хамгаалалт дор машинд нь суугаад одож буй бичлэг сошиал орчинд тархав.
Ардчиллын алтан хараацай маань МАНАН хэмээх мөнгө, санхүү, улстөр холилдсон сүлжээний нэгэн хэсэг болсон нь АН-аас нэр дэвшсэн үйл явцаас харагдсан. Тэрээр сонгуулийн өмнө З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээ зарласан. Улмаар З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд нь очин бие дааж нэрээ дэвшүүлэн С.Эрдэнйиг унагахаа ч олон нийтийн сүлжээгээр амлаж байв. Гэтэл нөгөө ардчиллын дайсан З.Энхболдтойгоо эвлэрчихсэн АН-аасаа Хэнтий аймагт нэрээ дэвшүүлэв.
Уг нь Хэнтийд “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Осгонбаатар гэсэн гурван баатар нэр дэвшихээр тойргоо усалсан ч арга буюу энх цагийн баатарт жийгдсэн. Сонгуулийн сурталчилгааны дундуур буюу энэ сарын 8-нд түүний шүүх хурал болохоор товлогдсон байсан ч зургадугаар сарын 29 хүртэл хойшлуулжээ. Шүүхээс хэрвээ “Монгол улсын нэрийн өмнөөс…” уншуулчихвал тэгээд дуусаа.
Нийслэлийг 4 жил удирдсан Э.Бат-Үүлийг гэнэт юмжиж хөлжсөн тухай ярих хүмүүс цөөнгүй. Хүү нь гэнэт тансаг хаус хороолол бариад л. Улмаар хотын дарга аав нь хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгаруулаад л. Үүнээсээ болж аав хүү хоёр АТГ-т дуудагдаж, улмаар хэрэг нь хэдийн шүүхэд шилжин яллагдагч болоод байгаа юм.
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгчийн үлгэр энэ. Энэ тухай дахин сануулбал Б.Чулуудай “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан,дараа нь аавынхаа нөмөр нөөлөг дор Улаанбаатар хотын банкнаас мөн 3.3 тэрбум төгрөг зээлсэн байдаг.Энэ мөнгөө Б.Чулуудай үр ашиггүй зарцуулж, “Түмэн-Амгалан цогцолбор барих ёстой газар дээр хэдэн овоолсон шороо л үлджээ.Б.Чулуудай барилга барих ажлаа орхиж, өр зээлтэй “Гранд лайн” ХХК-иа “Бэрэн” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрд 1 их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Харин танхил хүүгийнхээ тарьсан өрийг дарахаар Э.Бат-Үүл дахин хууль зөрчжээ.
Тэрээр ТОСК-ийн даргатай хуйвалдан хүүгийнхээ компаниа зарсан мөнгийг “Бэрэн” компаниас гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн байна.
Хөгжлийн банкны 9 тэрбум төгрөгөөр Э.Бат-Үүл даргын хүүгийн компанийг зарах ажлыг зохион байгуулсан ТОСК-ын захирал А.Гантулга хахуульд нь 12 мянган ам долларыг дүүгийнхээ компаниар дамжуулан авсныг АТГ тогтоогоод байгаа юм.Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан учраас ийнхүү яллагдагч болоод байгаа юм.
Ардчиллын алтан хараацай, Улсын баатар Э.Бат-Үүл жирийн л нэг луйварчин, авлигач болсон түүх энэ.
М.Самбуу
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин