Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг 6 дугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн аван цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм. Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор тээвэрлэгдэн Москва хотноо ирлээ.
ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд 3 удаагийн COVID-19-ийн шинжилгээ авч халдвар аваагүй нь тогтоогдсон учир 6 дугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувилалын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гарлаа.
Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.