Оскарын наадмыг коронавирусний цар тахлын улмаас сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа хойшлуулахаар болжээ. Энэхүү наадмыг түүхэндээ дөрөв дэх удаагаа хойшлуулах гэж буй нь энэ юм.
Америкийн кино урлагийн академи, “ABC” сувгийн даваа гарагт мэдээлснээр, Оскар наадмын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд буюу өмнө нь товлосноос найман долоо хоногийн дараа зохион байгуулахаар болжээ.
Цахимаар эсвэл уламжлалт байдлаар явуулах эсэхийг хараахан шийдвэрлээгүй байгаа 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд нээлтээ хийсэн кинонууд өрсөлдөх боломжтой ажээ.
Оскарын наадмыг өмнө нь 1938, 1968, 1981 онд тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан боловч энэ удаагийнх шиг урт хугацааны өмнө хойшлуулж байгаагүй юм.
Э.Хулан : МОНЦАМЭ