Нийслэл хотод барилга байгууламж, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил ид өрнөж иргэд, аж ахуй нэгжүүдийн санамсар болгоомжгүй, дур мэдэн газар шорооны ажил хийж эхлүүлснээс үүдэн цахилгааны кабель шугам гэмтээх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулах үйлдлүүд гарсаар байна.
Мэргэжлийн байгууллагаас зөвлөмж, сэрэмжлүүлэг өгсөөр байхад тодруулга хийлгэлгүй газар шорооны ажлыг хийж гүйцэтгэн цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж, хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж буй хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлийг бий болгож байна. Өнгөрөгч 2019 онд газар шорооны ажил дур мэдэн хийснээс УБЦТС ТӨХК -н эзэмшлийн шугам, тоноглолыг 291 удаа гэмтээж, нийт 114 сая орчим төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд иргэд болон аж ахуй нэгжүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж газар шороо, барилгын ажлыг хамгаалалтын зурваст буюу цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, ойролцоо хийж болохгүйг анхаарч ажлаа эхлүүлэхээс өмнө газар доор кабель шугам бий эсэх, шугамын ойролцоо ажил гүйцэтгэж болох үгүйг ЗААВАЛ тодруулаарай. Ингэхдээ иргэд аж ахуй нэгжүүд 70047004 дугаарт хандан мэргэжлийн туслалцааг авах боломжтой.