Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.26) үдээс өмнөх нэгдсэн эхлээд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.
Сангийн сайд илтгэлдээ, Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агөнтлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан гэдгийг дурдлаа.
Тухайлбал, макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Харин эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх; хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжпийг бодлогоор дэмжих; геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх; бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн хүний хөгжлийг дэмжих болон засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хийхээр төлөвлөж буй зорилтуудын талаар танилцуулсан юм.
Эдгээр зорилт, арга хэмжээнүүдийг хүрээнд хэрэгжүүлэхээр салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 18 зорилт 99 арга хэмжээний хүрээнд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэдгийг Сангийн сайд хэллээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх, инфляцийг 8,0 хувийн түвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит салбаруудын хөгжпийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. Энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан 2018 оны үндсэн чиглэлийн төслийн талаар аудитын дүгнэлт гаргуулах, макро эдийн засгийн асуудал дээр Монголбанк, Үндэсний хөгжлийн газрын саналыг авч тусгах, ажпын байр шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн цэцэрлэг болон ипотекийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, инфляци, валютын ханшийг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг ыэмэдүүлэх талаар маш тодорхой зорилт дэвшүүлэх, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үндсэн чиглэлийн төлөвлөлтийг бодитой, үндэслэл сайтай болгож Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр энэ хөгжлийн баримт бичгийг 2018 онд ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт оруулах, ажлын байрыг хэрхэн яаж бодитойгоор нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн томоохон бодлогод чиглүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын бүтээгдэхүүний лабортори байгуулах, татварын шинэчлэл хийх зэрэг эдийн засгийн шинэ зохицуулалтуудыг тусгахад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий оны баримт бичиг болох 2018 оны үндсэн чиглэлийн боловсруулалтын чанар хангалтгүй байна, цаашид ийм төслүүдийг Засгийн газарт нь буцаадаг байх зарчмыг барих, төсөлд ажлын байр нэмэгдүүлэх зарчим баримтлах талаар тусгасныг маш тодорхой зорилт, арга хэмжээ болгон өөрчлөх, төслийг 21:100 гэсэн хөтөлбөртэй уялдуулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлж, тэдгээрийн бодит орлогыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар үндсэн чиглэлд тодорхой зорилт, арга хэмжээнүүдийг тусгах санал гаргажээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан эдийн засгийг 2018 онд болон дунд хугацаанд хөгжүүлэх модель загвар харагдахгүй байна, улс орны хөгжпийг томоор нь харж, макро эдийн засгийн хүрээнд дорвитой засвар, зохицуулалтыг зоригтой хийх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва 2018 оны үндсэн чиглэлийн төслийн талаар Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулах, ажлын байр шинээр бий болгох талаар онцгойлон анхаарах, үндсэн чиглэлийг эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй нягт уялдуулах, үндсэн чиглэлийн боловсруулалтыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллуулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар үндсэн чиглэлийн төсөлд аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэрийн талаар тодорхой зорилт, арга хэмжээ тусгагдаагүй байгааг анхаарах зэрэг саналуудыг гаргажээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Б.Ундармаа, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Н.Цэрэнбат, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, Монголбанк, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөв.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:-Манай Засгийн газар байгуулагдах үед улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 12.4 хувьтай байсан, үүнийг ирэх онд 8 хувиас доош буулгахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх, валютын ханш тогтворжих, эдийн засгийн өсөлт гарах нааштай хандлага ажиглагдаж байгаа учраас зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
Өмнөх бодлогын алдааг засах, эдийн засгийн уналтыг зогсооход Засгийн газар багагүй хугацаа зарцуулахаас өөр аргагүй байсан. Иймээс үлдэж буй хугацаанд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр 2017 оны эцэс гэхэд эдийн засгийн сэргэлтийн үр дүн гарна, харин 2018 он бол эргэлт хийх ёстой маш чухал жил гэж үзэж байгаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж:-Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгой, зэс хайлуулах үйлдвэр, газрын тосны үлйдвэр, Гацууртын орд гэсэн таван том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Оюутолгойн ордыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар ярьж байгаа.
Далд уурхайн ажил хөрөнгө оруулалтын гэрээ, графикийн дагуу хэвийн явагдаж байгаа, төлөвлөсөн ёсоор 2018 он гэхэд хүдрийн биетэд хүрэх юм. Энэтхэгийн зээлийн санхүүжилтээр Сайншандад газрын тосны үйлдвэр барих урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. Тавантолгойн төслийн тухайд ажлын хэсэг гарч, төмөр зам, эрчим хүч, усны асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөн яриа хэлэлцээ хийгдэж, асуудал шийдэгдэх тал руугаа явж байгаа. Яриа хэлэлцээ эцэслэгдэж, асуудлыг тохиролцсоны дараа асуудлыг Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:-Засгийн газраас ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн дагуу бодлогын томоохон асуудлыг шийдэх үүднээс мөнгөний бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авахаар ярилцаж байгаа. Энэ асуудлыг ирэх сард Мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
Гэхдээ бодлогын томоохон шийдвэрээ ОУВС-тай тохиролцох ёстой. Банк санхүүгийн эрсдэлийг тооцож судлах чиглэлээр тендер зарласан. Эхлээд банк санхүүгийн байгууллагуудынхаа эрсдэлийг тооцож үнэлж дүгнэсний дараа бүтцийн томоохон өөрчлөлт хийнэ. Энэ ажлыг энэ оны эцэс, ирэх оны эхээр шийдвэрлэнэ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:–Төрийн өмчийн 100 орчим компани байгаа, 2016 оны балансаар эдгээр компаниуд 9.5 их наяд төгрөгийн өртэй гарсан. Манай Засгийн газар ажил авах үед төрийн өмчит компаниуд 10.8 их наяд төгрөгийн өртэй байсан бол өнгөрсөн хугацаанд 1.3 их наяд төгрөгийн өрийг барагдуулсан. Төрийн өмчит компаниудын банкны өр, эргэн төлөгдөх урт хугацаатай зээлүүд өрийн тодорхой хувийг эзэлж байгаа, харин богино хугацаатай 3 их наяд төгрөгийн өрийг ойрын гурван жилд барагдуулна. Өмч хувьчлал, төрийн өмчийг өөрчлөн зохион байгуулахтай холбогдсон 2017-2020 оны хөтөлбөрийг Засгийн газарт оруулсан, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:-Улсын хэмжээнд 100 мянган хүн ажилгүй байгаа, тэдний тал хувийг 18-34 насны залуус эзэлж байна гэсэн тоо бий. Ирэх онд ажлын байрыг 45 мянгаар нэмэгдүүлэхээр тооцож байгаа. Залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн ажлын байр шинээр бий болгох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, түүнчлэн гадаадад ажиллах хүч гаргахын зэрэгцээ нийгмийн хамгааллын асуудлыг нь давхар шийдэхээр асуудлыг ярилцаж байгаа.
Эрчим хүчний сайд П.Ганхүү:-ТЭЦ-5 станц барих асуудал арван жил яригдаж байгаа, газрын байршил нь гурван удаа өөрчлөгдсөн. Консорциум болж тендерт оролцсон компанитай байршил, үнэ тарифаа тохирч чадаагүйгээс хэлэлцээр зогссон. Иймээс энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжгүй болж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг хүн ам ихтэй дүүргийн захын гэр хорооллын айл өрхийн цахилгааны асуудлыг шийдэхэд яамны зүгээс анхаарч, өнгөрсөн онд 1600 айлыг цахилгааны шугамд холбосон, энэ жил 600 айлыг холбоно. Мөн агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд энэ жил 60 орчим уурын зуухыг зогсоож, төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил хийгдэнэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:-Байгаль орчны төлөв байдлын тайланг боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт бусад орнуудаас илүүтэй явагдаж байгаа, иймээс олон улсын байгууллагуудаас санхүүжилтийн дэмжлэг авах, энэ чиглэлийн сайн туршлагаас суралцаж нутагшуулахад анхаарч байна. Өнгөрсөн онд Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг бууруулах арга хэмжээ авч, гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлснээр агаарын бохирдол 10 гаруй хувиар буурсан дүн гарсан. Иймээс энэ чиглэлийн арга хэмжээг үргэлжлүүлж, 2020 он гэхэд бохирдлыг арилгах бодлого барьж ажиллах шаардлагатай байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Мөн Засгийн газрын гишүүд болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон холбогдох бусад албан тушаалтнууд гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өглөө.
Үүгээр “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулсан гишүүдийн асуулт дуусч, чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үндсэн чиглэлийн төслийн талаархи хэлэлцүүлэг үргэлжилж, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.